Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх талаар гаргасан хүсэлт нь ямар шалтгааны улмаас хэлэлцэгдэхгүй удааширч байгаа, энэ асуудлыг байнгын хорооны өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүслээ. Энэ талаар байнгын хорооны дарга хэлэхдээ, УИХ-аар тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцүүлэх саналаа зөвлөлийн хуралд хэлсэн. Гэвч одоохондоо болоогүй байна гээд төлөвлөгөөнд оруулаагүй, гэхдээ ойрын үед хэлэлцэх байх. Та АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн, олны итгэл хүлээлгэсэн мандат байгаа учраас энэ хүсэлтээ сайтар тунгаан бодох болов уу гэсэн үүднээс зохих хугацаа өгч байгаа гэж ойлгож болох юм. Ер нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх асуудлыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацаа заасан зохицуулалт хуульд байхгүй гэсэн хариулт өгөв.
Харин гишүүн Н.Батцэрэг хэдийгээр хуульд заасан цаг хугацааны зохицуулалт байхгүй ч гэсэн ийм асуудлыг түргэн шийдэж байсан тохиолдол байсан, гишүүн Су.Батболд гишүүний бүрэн эрхээс татгалзах нь гайхаад байх, хэн нэг нь нөлөөлөх гээд байх асуудал биш. Иргэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох, бас өөрийн хүсэтээр гарах эрхтэй. Намын бүлэг энэ асуудалд таагүй хандаад байх хэрэггүй юм гэсэн бол гишүүн Д.Эрдэнэбат төрд орж ирэх, гарч явах нь хариуцлагатай, бас нэр төртэй холбоотой асуудал. Нэгэнт энэ асуудал даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан төлөвлөгөөнд ороогүй учраас ирэх долоо хоногийн төлөвлөгөөнд албан ёсоор оруулж байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Иймээс хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар бүх нийтээр амардаг 10 өдөр байгаа нь нэгээр нэмэгдэх юм, цаашдаа үндэсний уламжлалтай холбоотойгоос бусад амралтын өдрийг цөөрүүлэх чиглэлээр бодолцож үзэх нь зүйтэй юм” гэсэн хариулт өгөв. Харин төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Н.Батцэрэг цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх нь үндэсний уламжлалт ёс заншил, түүхэн уламжлалаа залуу хойч үеийнхэндээ өвлүүлэхэд ач холбогдолтой юм. Манайд одоогоор ямар нэг нам гэхгүйгээр үндэстнээрээ сэргэн дэвжиж болох томоохон хөтөлбөр, үзэл баримтлал хараахан гараагүй байгаа тул төр энэ талаар анхаарах шаардлагатай байгааг дурдав.
Мөн гишүүн Р.Гончигдорж цагаан сарын баярынхаа утга учрыг сайн бодож цогцоор нь харвал амралтын өдрийг нэгээр нэмэх биш бүр гурваар нэмж, нийтдээ таван өдөр амардаг болгох нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд үндэсний ёс уламжлалаа сэргээн хөгжүүлэхэд чухал юм гэсэн үндэслэлээр зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч олонхын дэмжлэг аваагүй тул саналаа татсан юм. Ингээд гишүүн Су.Батболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан нь олонхын дэмжлэг авч, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )