Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙН ТУЛД ХУУЧИН АРГА БАРИЛААР ЯВМААРГҮЙ БАЙНА

 

-Төсөв баталчихсан учраас УИХ-ын гишүү­дийн санаа амарчихаа юу даа. Сүүлийн үед чуулган, байнгын хо­роонд суух гишүүдийн идэвх буурч, хэлэлцэх асуудалгүй учраас хой­шиллоо гэх зүйлүүд сонсогдож байна?

-Гишүүдийн ирц бүр­дэхгүй байна гэдэг асууд­лаар их улстөрждөг болж. Төрийн ордонд 50 гаруй гишүүн ажилдаа ирж бай­гаа. Тэгэхээр ирц хан­галттай гэсэн үг. Ердөө арав гаруй гишүүн гадаа­дад томилолтоор явсан.

-Тэгвэл ирц яагаад бүрдэхгүй байгаа юм бэ. Танай намын нэ­лээд гишүүн гадаадад явсан байна лээ?

-Мэдээж хэрэг төсөв батлахын тулд УИХ үнэ­хээр ачаалалтай ажилла­сан. Гэхдээ үүнээс болоод хуралдаа суухгүй байгаа юм биш.  Энэ парламен­тад олонхийг бүрдүүлж байгаа гишүүдээс 30 га­руй хүн хуралдаа суухад бэлэн. Цөөнхийн бүлгээс  арваад гишүүн бэлэн. Асуудал юунд байна гэд­гийг аваад үзье. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүд дээр байр суу­рийн зөрчилдөөн бий уч­раас л тэр. Зарим  хуулиу­дад хандаж байгаа олон­хи болон цөөнхийн ханд­лага өөр байна. Шууд хэлбэл Ардын нам отон тоглолт хийгээд байна. Сүүлийн үед Ардын на­мын­хан сөрөг хүчин гэхээ­сээ илүү отон тоглогчид болж хувирсан. Тэд “Олон­хийн ирц хүрэхгүй бол бид хуралдаа суух­гүй” гэсэн юм яриад сууж байна. Бид улс орны хөгжлийг урагш нь явуу­лах юмсан гэж зүтгээд байдаг. Энэ төрд үнэмлэ­хүй биш ч гэлээ олонхи  болсныхоо хувьд “Шу­дар­га ёс” эвсэлтэй хам­тарч Засгийн газраа бай­гуулж, шинэчлэл хийхээр зорьж явна. Энэ шинэч­лэлийг хийхийн тулд хуу­чир­сан арга барилаар явмааргүй байна. Тий­мээс бид бодлогын цоо шинэ замыг сонгож, түү­гээрээ ажлаа ахиулахыг хичээж байна. Гэвч харам­салтай нь энэ замд Ардын намынхан саад болж, улс орныг хөгжүү­лэхийн эсрэг зогсч байна гэж ойлгогдож байгаа

-Та нар юун дээр зөр­­чилдөөд, санаа ний­лэхгүй гацаанд оруул­чихаад байгаа юм бэ?

 -Ашигт малтмалын тухай хуулиас Түгээмэл тархацтай ашигт малт­мал, Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хуу­лийн төслийг салгаад, тусад нь баталъя гэхээр  зөрчилдөөн үүсчихээд байна. Бусад орны жиш­гийг харахад элс хайрга­тай холбоотой асуудлууд Ашигт малтмалын хууль­даа байдаггүй. Алт, мөн­гө, үнэт металлыг хадга­лах, худалдаалах асуу­дал нь ч тусдаа хуулиар зохицуулагдсан байдаг. Тэгвэл манайд үгүй. Үүнээс болоод байр суурь, үзэл бодлын зөр­чилдөөн үүссэн. Тэглээ гээд бид шинэчлэх алх­маасаа ухрахгүй.

-Хэн хэн нь буулт хийхгүй бол  гацаа үр­гэлжилсээр улсын ажил орхигдох байх даа?

-Тэгвэл Монгол Улсыг ядуу байлгах сонирхол хаанаас, хэнээс гараад байгаа юм. Бид яагаад өнөөдрийг хүртэл ийм ядуу байсаар байгаа юм бэ. Яагаад гэвэл  зөвхөн намынхаа болон хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ популист үйлдлүүд Мон­гол Улсын эдийн засагт гай чирч байна. Үүнээс татгалзах цаг нь болсон. Урд, хойд хоёр хөршөө хар. Хятад гэхэд алтны татвар нь хоёр, ОХУ-ын алтны татвар дөрвөн хувь байна. Гэтэл манай алт­ны татвар арван хувь. Хоёр хөршийн алтны нөөц мянга мянган тон­ноор хэмжигдэж байхад манай алтны нөөц ердөө  таван тонн хүрэхгүй бай­на. Монголын алт нь бүгд гадагшаа урсаад гарч байна. Ийм байхад хуу­лиа өөрчлөхгүй гээд яах юм. Монгол Улс үнэ цэнэ­тэй байж ядуурлаас гар­на. Үнэ цэнэтэй байхын тулд газар доорхи  эрдэ­нээ өөрийнхөө авдарт хадгалж, түүгээрээ дам­жуулан  валютын нөөцөө нэмэгдүүлдэг  байх ёстой. Ингэж байж хөгжлийн тухай ярина. 

-Алтны татварыг 2.5 болгосноор үнэхээр Монголбанкинд тушаах алтны нөөц нэмэгдэх үү. Хүмүүс олборлосон алтаа Монголбанк руу бариад гүйгээд байна гэсэн баталгаа нь юундаа байна...

-Нэмэгдэнэ гэдэгт ит­гэлтэй байна. Хэн ч гэсэн аль татвар багатай газ­раа алтаа тушаана. Алт­ны  ил тод худалдааны хуулийн төсөлд алтаа зөвхөн Монголбанкинд тушаасан тохиолдолд татварыг 2.5 болгоё гэж байгаа юм. Оюутолгой бол тав юм билээ. Оюу толгой Монголбанкинд алтаа тушаасан тохиол­долд хөнгөлөлт эдэлнэ. Тиймээс хуулиа батлаад алтаа авах нь чухал. Хэрэв Оюутолгой үнэхээр ашгийн төлөө байгуул­лага юм бол татварынхаа зөрүүг тооцоод алтаа тушаана биз.

-Гэхдээ хамгийн сүү­лийн мэдээгээр та­най бүлэг алтны тат­варыг таван хувь бол­гох дээр тогтсон байна лээ?

-Харин тэгсэн байна. Таван хувь болголоо гэ­хэд хөрш орнуудын тат­варын хэмжээнээс да­хиад л их болчихож бай­гаа юм. Энэ нь нутагтаа алтаа аваад үлдэх батал­гаа болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Засгийн газраас анх оруулж ирсэн саналыг нь хэвээр хадгалах нь зөв гэж бодож байна. Гэвч хэлэлцүүлгийн явцад асуу­дал яаж эргэхийг мэдэхгүй.

-Алтны татварыг 2.5 болгосноор Оюу толгойг хөнгөлж чөлөөлөх нь  гэдэг хардлага Ардын намд байгаа л даа?

-Энэ нь хэнд ашигтай юм. Оюу толгойн 1800 тонн  алт Монголд үлдэх нь бидэнд ашигтай юм уу, үгүй юм уу. Ийм л эрх ашгийг бодож байгаа бо­лохоос Оюу толгойд ямар нэгэн байдлаар хөнгө­лөлт үзүүлэх гээд улай­раад байгаа юм огт алга.  Ер нь ч уул уурхайн ком­па­ниудаас хамаарал­тай­гаар хуулиа баталж бо­лохгүй. Дотооддоо ямар хууль гаргах нь Монголын л асуудал.  Үүнийг улс төр болгоод, шахалт үзүү­лээд ч хэрэггүй. Оюу тол­гой алтаа тушаахдаа та­ван хувийн татвар төлдөг. Гэтэл үүнийг нь 2.5 бол­гож хөнгөлөх нь гэдэг зүй­лийг л Ардын намынхан яриад байгаа. Ийм юм гэж юу байхав дээ.

-МАН-ынхан энэ хуу­лийг Оюу толгойтой хол­бож хардаад байгаа учраас танай бүлэг аргаа барахдаа 2.5 биш таван хувь болгохоор болсон юм биш үү. Нэ­гэнт л Оюу толгой таван хувийн татвар төлдөг учраас одоо маргах зүйлгүй байх...

-Мэдэхгүй юм. Миний хувьд Засгийн газраас оруулсан саналыг нь дэмжиж байгаа. Аливаа асуудлыг шинэчилье гэвэл бодит байдлаа улс төр, сэтгэлийн хөөрөлгүй­гээр харах ёстой. Сүүлийн жилүүдэд алтны нөөц  эрс багасч, валютын нөөц хомсдсон. Тэгэхээр мон­гол төгрөгийн үнэ цэнэ газарт унахгүй гээд яа­хав.  Байдал ийм болчи­хоод байхад МАН-ынхан “Та нар валютын хан­шийг унагалаа” гэх. Тэгвэл алт болон валютаа Мон­гол­доо цуглуулж, энэ байд­лыг засъя гэхээр “үгүй” гэх. Төсвөө хэм­нээд, орлогоо нэмэг­дүүлж,  эдийн засгаа тэлье гэхэд ч үгүй гэсэн хэрнээ “цалин нэм” гээд дайрах. Сөрөг хүчин нь ийм хоёр гартай байж болох уу. Өөдрөг улс орнууд эдийн засгийн бололцоондоо тулгуур­лаж, гадаадаас хүү бага­тай, урт хугацааны зээл авъя гэдэг байх ёстой. Гагцхүү авсан мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр УИХ, Засгийн газрын  ухаалаг хандлага чухал. Гэвч Монгол Улс зээл авах эрхээ сөрөг хүчний бойкотоос болж хяз­гаар­луулчихсан. Өчнөөн бү­тээн байгуулалтууд хү­лээг­дэж байдаг.  Үнэхээр Ардын намынхны энэ үйлдэл улс орны эрх ашгийн төлөө мөн үү гэдэгт эргэлзэж байна.

 

МОНГОЛОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ӨМЧТЭЙ БОЛГОХ БОЛОМЖ НЬ ЗЭЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

 

-МАН-ыг отон тог­лол­тоос нь гаргачихаж болдоггүй юм уу. Юун төлөө олонхи билээ. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөө шийдвэр гаргах гээд байгаа юм бол олонхиороо асууд­лаа шийдээд, ажлаа ахиулж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй МАН-ын суудлын тоо цөөхөн шүү дээ?

-Бид ирцээ бүрдүү­лээд олонхи болоод асууд­лаа шийдээд явчи­хаж болно. Хамгийн гол нь сөрөг хүчиндээ энэ бүхнийг ойлгуулахыг хү­сээд байгаа юм. Цөөнхөө сонсч, уян хатан бодло­гоор төрөө авч явах хүсэл тэмүүлэл бидэнд өндөр байна. Гэвч тэдэнд хүсэл алга. Зөвхөн намынхаа эрх ашгийг бодож байна. Бүгдээрээ хамтраад улс орныхоо эрх ашгийн төлөө ажил хийе гэхээр “Та нар яагаад татвар хөнгөлөх гээд байна. Хаа­наас нь мөнгө унагаах нь уу” гэх мэтээр хуучин сэт­гэхүйгээрээ хардаж бай­на. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруу­лалт Монгол Улсын эдийн засгийг  огцом өсгө­сөн нь үнэн. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдлаа бид заавал тооцох ёстой. Аливаа этгээд хөрөнгө оруулна гэдэг бол Мон­голд байршуулсан өм­чөө­рөө дамжуулж, захи­ран зарцуулж, хараат болгоно гэсэн үг. Дотоод­доо алт, валютын нөөц­тэй байх нь  манайд ашиг­тай. Дээрээс нь бид зээ­лээс айх хэрэггүй. Гут­ранги үзэлтнүүд зээлийг “Хойч үедээ үлдээж бай­гаа өр” гэж ярьдаг.  Мон­голын ирээдүйн төлөө гэх нэрээр өнөөдрийн бо­ломжийг сүйтгэж болох­гүй. Өнөөдрийн боломж байхгүй болох юм бол ирээдүйн талаар ярих ч шаардлага байхгүй бол­но. Тиймээс бид зээлийг  Монголоо үнэ цэнэтэй болгох, иргэдээ өмчтэй байлгах, баялаг бүтээгч­тэй болгох, дэд бүтцээ хөгжүүлэх, үндэсний үйлд­вэрүүдтэй болох боломж гэж  харж байна. Энэ нь бидний ирээдүйн хөгжлийн суурь нь юм. Харах өнцгийн асар том ялгаа энд л байна. Ямар ч бизнес зээлээр босдог гэдгийг бизнес эрхэлдэг хүн бүхэн мэднэ. Ингэж бий болгосон ашгаасаа зээлээ эргүүлж төлдөг. Зээлээр бий болсон зүйл нь өөрийнх нь өмч болон үлддэг. Тиймээс Монго­лын өмч Монголдоо үл­дэх  гарц нь урт хугацаа­ны хүү багатай зээл. Гадаадын шууд хөрөнгө  оруулалт бол гадаадынх л шүү дээ.  Оюу толгойн гуравны хоёр нь бидний өмч биш болчихсон. Ийм байдлаар бидний биш өмчүүд Монголоор нэг тарах юм бол Монгол Улс юу болж хувирах юм. Тэгэхээр юундаа эхэлж ач холбогдол өгөх вэ гэдгээ олон талаас нь бодож, анхаарах хэрэгтэй. 

-Оюу толгой Монго­лын өмч биш гэж хэл­лээ гээд маргаашнаас таныг балбаад эхлэх байх даа?

-Яалт ч үгүй манайх 34, Рио тинто 66 хувийг эзэмшдэг нь үнэн биз дээ.  Хэн үүнтэй зөрөлдөх юм. Харин зэсийн үйлдвэрээ хөнгөлөлттэй зээлээр ба­риад, төр хувийн хэвш­лийн­хээ түншлэлийг оруу­лаад явъя. Эцэст нь энэ үйлдвэр Монголын өмч болоод үлдэнэ.  Үүнийг хийж чадахгүй юм бол улс гэж байгаад яах юм бэ. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийг хийж чадахгүй байна.

-Таны энэ үгнүүд та­таж ядаж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг үр­гээчих юм биш биз дээ?

-Гадаадын хөрөнгө  оруулалт хэрэггүй гэж яриагүй.  Гадаадын хө­рөн­гө оруулалт, зээл хоёрыг зэрэг л авч явах ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалт ашигтай биз­нест өөрөө ороод ирнэ. Тэгээд ч хөрөнгө оруулал­тын орчныг сайжруулах хууль гарсан. Энэ хуулийг намайг хэллээ гээд нураа­на гэж байхгүй. Эрсдэл юундаа байна гэдгийг л тайлбарлаж байна. Га­даа­дын хөрөнгө оруу­лалт уул уурхайн салбарт давамгайлж орж ирнэ. Учир нь уул уурхай, эрдэс баялаг бол дэлхий ний­тийн үнэ цэнэтэй бизнес.  Тиймээс гадаадын хөрөн­гө оруулалт манай баялагт эзэн суух юм бол Үндэсний аюулгүй бай­дал юу болох билээ гэд­гээ давхар бодолцох ёс­той. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг татвал Мон­гол Улсын эзэмших хувь нь ахиу байх ёстой. Төрийн оролцооны эдийн засгийн боломж, компани, хувь хүмүүсийн эдийн засгийн чадавхи дээр тулгуурлаж хийнэ. Тэгэхээр бид эхлээд  өөрсдийгөө чадавхитай болгох шаардлагатай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд­вэрийн хувь эзэм­шил 51:49 байгаа нь болж байна. Монгол Улс 51 хувийг эзэмшдэг. Тийм ч учраас олон жил Монгол Улсыг тэжээлээ шүү дээ.

-Гэхдээ төрийн мэд­лийн хувь нэмэгдээд ирэхээрээ авлига, хүнд суртал үүрлэж, ажил нь ахидаггүй дампуурдаг жишээ олон байна шүү дээ, Оюу толгой, Таван толгойгоос эхлээд. Тэгэ­хээр уул уурхайн салбарыг  хувийн хэвш­лийнхэнд даатгачих хэрэгтэй юм биш үү?

-Нэг зүйлийг бодмоор юм билээ. Үндсэн хуульд газар доорхи баялаг ард түмний өмч гээд заачих­сан. Ард түмний өмч гэдэг нь Төрийн мэдэлд байна гэсэн үг. Гэсэн ч Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бо­ловсруулахдаа уул уур­хайн салбарт хувийн хэвш­лийг түлхүү оруулна гээд тусгачихсан. Мэдээж хэрэг нэг хэсэг нь хувийн хэвшилд очих ёстой. Нөгөө хэсэг нь төрийн оролцоо давуу байх хэрэг­тэй гэж үзэж байна.  Миний бодлоор төрийн оролцоог огт орхигдуулж болохгүй. Төрийн орол­цоо байна гэдэг нь  ард түмний өмчийг төр төлөөлж хийнэ гэсэн утга. Нөгөөтэйгүүр хувийн хэвшил ч энэ салбарт  орох ёстой. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдалд яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар заавал тооцох хэрэгтэй.

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс баримт­лах бодлогоо баталсны дараа уулс уурхайн сал­барын бусад хуу­лиу­даа гаргая гэдэг зүй­лийг МАН-ынхан яриад байгаа?

-Монгол бодлогогүй явж ирж. Нэг салба­рын­хаа бодлогыг цэгцлээд гаргачихъя гэхээр ухаан­тай хүмүүс гарч ирээд байх юм. Төрөөс баримт­лах эрдэс баялгийн бод­логыг Засгийн газар оруулж ирлээ. Цаашид гаргах олон бодлого бай­гаа. Тухайлбал, боловс­рол шинжлэх ухааны тө­рөөс баримтлах  бодлого гэж бий. Энэ яригдаж бай­гаа баримт бичгүүд Мон­гол Улсын бодлого боло­хоос хэн нэгний лобби­гоор батлагдах бодлого биш.

-Гацаа хэзээ арилж, хэдийд хуулиудаа батлах бол?

-Хуулийн төслүүдийг энэ чуулганаар баталж дуусгана.

 

ДЭЛХИЙН УЛС УТААНААСАА “АРДЧИЛСАН” АРГААР САЛЖ БАЙГААГҮЙ

 

-Улаанбаатарын утаа­ны асуудал өвөл болохоор л яригдаж эхэл­дэг. Энэ жил өмнөх жилүүдийнхээс харь­цангуй их байна гэж ярих боллоо. Утааг арилгах талаар ямар бодлого барьж ажиллах вэ?

Бид Улаанбаатарын утааг багасгая гэж олон жил ярилаа. Өвөл боло­хоор улстөржиж, эрх бариг­чид руугаа дайрдаг.  Үнэндээ Улаанбаатар хот хуаран болсон. Мон­голын хүн амын 50 хувь энд шигдсэн. Улаан­баа­тарыг хот болгоё гэвэл үнэ цэнтэй, зохион бай­гуу­лалттай хатуу төлөв­лөлттэй хот байх ёстой. Хотын иргэд хариуцлага хүлээдэг байх ёстой. Бо­лох­гүй байгаа зарим асууд­лыг хуулиар зохи­цуулах хэрэгтэй. Дэлхийн түүхэнд ямар ч улс хотын утаанаасаа салахдаа “ард­чилсан” аргаар ший­дэж байгаагүй. Үүнийг хуулийн аргаар шийдсэн байдаг.

-Яаж?

-Английн Лондон хот яндангаас гарч буй утаа­ны хорт хийг багасгах хяналтыг чангасгаж ян­дан­гуудыг хааж байсан. Гэхдээ үүнийг авч хэ­рэг­жүүлэхийн тулд урьд­чил­сан нөхцөлийг нь төрөөс хангах үүрэгтэй. “Нийс­лэлийн цэвэр агаарын тухай хууль”-ийг боловс­руу­лах, нүүрснээс хий боловсруулах үйлдвэ­рийг зээлээр барих  ёстой. Үүнээс гадна бид  автомашины дугуйны су­далгаа гар­гуулж байгаа. Монголд импортоор ирж буй хэдэн хувь шинэ, хэдэн хувь хуучин дугуй байгаа эсэхийг судалгаа явуулж байна. Тэдний хог хаягдлын асуудлыг хэр­хэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа явуулж байна. Ихэнх нь зууханд  түлэгдэж байна гэсэн мэдээлэл байдаг. Бид манай гэр л дулаан бай­вал боллоо гэж боддог. Яг үнэндээ хүний эрх гэдэг чинь бусдын амьд явах эрүүл амьдрах эрхээр хязгаарлагддаг юм. Үүнийг ойлгох цаг болсон. Тиймээс нэн түрүүнд ду­гуй шатааж байгаа зуух­ны янданг хориглох ёс­той. Олон жил зуух тараа­лаа үр дүн нь хаана бай­на. Тиймээс бид үүнийг эрхзүй, эдийн засаг, үйлд­вэрийн орчинд нь шинээр судалж, цаашид шийдэх хэрэгтэй.

-Юу юугүй янданг нь буулгах харгис бодлого биш үү. Хүмүү­сийг хөлдөж үх гэлтэй нь биш?

-Тийм учраас нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Бага­нуурт барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн газар хийх ёстой. Үүний дараа Улаанбаатарт айлуудын янданг шат дараатай буулгана. Ингэж байж бид энэ утааны асуудлыг шийднэ. Тиймээс үүнийг шахаж хийх ёстой ажлын эхэнд тавьж байгаа юм. Ерөнхий сайд Хятад улс руу айл­чилж ирсэн үр дүнтэй ажлын эхний нэг дохио нь гэж ч харж байна. Янданг цэгцэлсний дараа гэр хо­рооллыг халаах олон арга байна. Цахил­гаанаар халааж болно. Цахил­гаанаар халаавал төрөөс цахил­гаа­­ны төлбөр мөнгийг нь бодло­гоор шийднэ.

-Хятад улс зээл өгье гэсэн юм уу?

-Хятад улс ганцхан зүйлийг ярьсан. Ийм эдийн засгийн үр ашигтай төсөлд урт хугацаатай  зээл олгоход бэлэн гэдгээ мэдэгд­чихсэн. Гэтэл бид зээл авах гэхээр хууль ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гээд хязгаарласан байдаг.

-Нэгэнт хөдөөнөөс хотод шил­жигсдийг одоо хааш нь явуулах вэ?

-Улаанбаатар бол  улсын нийс­лэл. Хүн болгон энэ хотод татвараа төлөөд амьдрах ёстой. Хэрвээ татвараа төлөхгүй, яндангүй амь­дарч чадахгүй бол зэргэлдээх татвар авдаггүй, гэртээ чөлөөтэй амьдраад малаа хариулж болох газарт амьдарч болно. Энэ эрхийг хаагаагүй. Тэнд харьцангуй өөр нөхцөлтэй шүү дээ. Хөдөөнийхөн хөдөөдөө сайхан амьдрах боломж байна. Харин төрөөс аймаг сумдын шинэчлэл буюу шинэ сум төслийн хэрэгжилтийг шуурхайлах нь чухал.

-Тэгэхээр хөдөөгийнхөн “Бид яачихсан хүмүүс юм” юм гээд гомдоллоод унана даа. Хөдөөгөө хөгжүүлээгүй байж шууд тэгж болох уу?

-Хөдөөгийхөн сумандаа амь­дар­маар байна гэвэл дэмжье.  Хотын татварын санд цугласан мөнгөө хотоос нүүх иргэдэд  зо­риулъя. Хөдөө очиж амьдар тэгвэл дэмжье гэдэг бодлого. Заа­вал амьдралын түвшин нь хүрэхгүй газар ирчихээд зүдэрч явснаас төрсөн нутагтаа хөрөнгө чинээтэй хүн шиг амьдар. Энэ нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж болно. Ингэж хэлс­нийхээ төлөө маш их улс төрийн оноо алдах болно. Гэхдээ популист алхам хиймээргүй байна.

-Хөдөөгийнхнийг хот руу оруу­лахгүй. Айлуудын өмч хураана гэдэг чинь хуучирсан алхам юм биш үү?

-Хэн дуртай нь байшингийн буланд очиж бие засдаг, гудам­жинд нус, цэр, хогоо хаядаг, хаа дуртай газраа архи уудаг байдал хэтэрхий бүдүүлэг юм. Тиймээс хотод амьдрах эрхийг нь хааж байгаа биш татвараа төлөөд ха­риуц­лагатай амьдар гэж байгаа юм. Улаанбаатарын өртөг хөдөө орон нутгийнхаас их гэдгийг тоо­цож орж ир. Улаанбаатарт гэрээ ачиж ирэн шинээр гэр хороолол үүсгэх боломжгүй болсон. Ийм л шаардла­гыг тавьж хотын даацыг хэмжээнд нь барьж утааг багасгая. Ардчилал бол хариуцлага. Хариуц­лагагүй ардчиллаар арав гаруй жил явж ирлээ. “Ардчилал хүнийг эрхийн тэнэг болгоод байна. Аав, ээждээ эрхэлж өссөн эрхийн тэнэг хүүхэд том болоод ямар хүн болдгийг мэднэ биз дээ” гэж хэлж байсан сонгогчийн үг маань санаанаас гардаггүй.

-Төгсгөлд нь Р.Амаржаргал гишүүний тухай асууя.  Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргах болов. Та юу гэж бодож байна вэ?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёр дотнын найз нөхөд. Гэлээ ч энэ шийдвэрийн тухайд байр суурь өөр байж магадгүй. Анд маань олон жил парламентад суусан туршлагатай гишүүн мөртлөө буруу л шийдвэр гаргачих шиг санагдаад байх юм. Тийм учраас улс төрийн талаар сайн, муу бүхнийг мэдэрч байх ёстой хүний нэг. Р.Амаржаргал бүлгийнхээ хуралд ядаж нэг удаа орж ирээд санал бодлоо хуваалцчихсан бол би түүний өмнө хариуцлага хүлээж болно. Р.Амаржаргал Ардчилсан намын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Гэхдээ Сүхбаатар дүүргийн сонгогч, иргэдийн өмнө “Олон зүйл  хийнэ” гэж энэ намын нэрээр гарч ирсэн гэдгээ бодох ёстой. УИХ-д олонхи болж байгаа хэсэг энэ улс орны шинэчлэлийн төлөө сайн, муугаар хэлүүлээд ажиллаж байна. Мэдээж алдаа, оноо байгаа.  Тэр болгоны тоогоор ухарч болохгүй. Засгийн эрхийг барьж буй олонхид  нэг хүн дутуу байх нь бодлогоо хэрэгжүүлэх боломжийг алдах эрсдлийг дагуул­на. Өөрийн саналаа хуваалцаж, халуун тогоонд орж хэлэлцэж болохгүй бол хэрэлдээд ч болов суугаасай гэж хүсч байна. Р.Амар­жаргал гишүүний асуудлыг ирэх долоо хоногт чуулганаар хэлэл­цэнэ. Харин түүнийг энэ хугацаанд “бодооч” гэж байгаа юм.  Энэ улс төрд чинь гундах, сөхрөх, хүсэл биелэхгүй байх олон асуудал гардаг. Тэр болгоныг сөрж гарах тэнхээгүй юм бол яах гэж өдий болтол  бид хамт явсан юм. Надтай ижил бодолтой олон хүн байгаа гэж найдъя.

-Хуучин Хувьсгалт намынхан намаа шүүмжилсэн хүнийг хөө­дөг үзэгдлийг ардчилалгүй гэж шүүмжилдэг. Тэгвэл өөрийнхөө хүсэлтээр явах гээд байгаа хүнийг суллахгүй зуураад бай­гаа АН-ын энэ үзэгдэл ч ардчилалгүй  байдал юм биш үү?

-Хүсэхэд хясах зүйл хорвоо дээр зөндөө байдаг юм. Хэн ч бай ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй зүйлээ­сээ салах дургүй байдаг. Би Р.Амар­жаргал гишүүний хувийн араншингийн талаар яриагүй. Түүний энэ танхимд байх мөн чанарын тухай илэн далангүй хэллээ.

-Р.Амаржаргалыг гомдоож дургүйг нь хүргэсэн хүн нь таныг гэж бичигдээд байсан?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын хувьд бие биедээ гомдох шалтгаан  огт байхгүй.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.194.166) 2025 оны 03 сарын 13

Та нар сөрөг хүчин байхдааМАН-аас долоон дор хог шаарнууд байсанаа мартаа юу юм л бол хурал хаяхзавсарлага авах гээд уйлагнасанхэдэн хөгийн юмууд л байсан харин МАН бол тийм юм хийхгүй л байна шүү дээ харин ч улс төрийн соёлтой байгаа юм биш үү ??та нарын нэр хүнд сүүлийн үед огцом унаж байгаа түүндхамгийн гол буруутан Эрдэнэбат та өөрөө шүү дээ яг үнэнийг хэлэхэд Эрдэнэбат шиг аймаар хүнАН-дцөөхөн дөө яг хүний гараар могой бариулдаг хужаа занчинь хэзээ ч засрахгүй дээ ер нь эрлийзүүд ийм л байдагтүүгээрээ байх шив дүү

1  |  0
Top