Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар ирэх жил аймаг, сумдад барих барилга байгууламжуудын зураг төслийн талаар ярилцлаа. Энэ үеэр хөндсөн гол асуудал орон нутгийн бүтээн байгуулалтын чанар байв. Ижил хүчин чадалтай, адилхан материалаар барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, дулааны станцуудын төсөвт өртөг тэрбум тэрбум төгрөгөөр зөрдгийн анхдагч шалтгаан зураг төсөл.
Энэ замбараагүй байдлыг өөрчлөхийн тулд Засгийн газраас өнгөрсөн зургаадугаар сард нэг маягийн зургаар барих нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудын жагсаалтыг баталсан юм. Монгол Улсын сумдыг 3000 хүртэл, 3000-5000, 5000-аас дээш хүн амтай гэж гурав ангилж, түүнд тохирсон багтаамж чадалтай нийгмийн үйлчилгээний барилга байгууламжууд барихад ашиглах нэг маягийн зураг гаргах үүргийг дээрх тогтоолоор холбогдох яамдад өгсөн.
Энэ дагуу эхний зургууд бэлэн болжээ. 2013 онд ажлыг нь эхлүүлэх нийгмийн үйлчилгээний барилгын зураг төсөлд 61.5 тэрбум төгрөг шаардлагатай байсан бол нэг хэв маягийн зураг хийснээр энэ ажлыг ердөө таван тэрбум төгрөгт багтаажээ. Жишээлбэл, 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг барих ба энэ нь 1896 м2 талбайтай, цутгамал төмөр бетон каркас хийцтэй, бага насны хүүхдийн дөрвөн бүлэг, ахлах насны хүүхдийн найман бүлэгтэй байна. Дээрх тооны хүн амтай суманд барих 640 суудалтай сургуулийг мөн л цутгамал төмөр бетон каркас хийцээр 5631 м2 талбайтай барина. Дотоод зохион байгуулалтын хувьд 22 анги, 18х30м спорт танхим, цайны газарзэрэгтэй байхаар нэг маягийн зураг гаргажээ. Гэхдээ дотоод заслыг сум бүр өөрийн сонирхол санаачилгаар өөрчилж, анги танхимын тоог зөрүүтэй гаргах, засал чимэглэлийг ялгаатай хийх гэх мэт уян хатан сонголт өгнө гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцууллаа.
Өнөөг хүртэл аймгийн төв л дулааны станцтай, сумд уурын зуухтай явж ирсэн. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар сумдыг шинээр төлөвлөн хөгжүүлж эхэлсэн ба эхний хоёр жишиг сум ашиглалтад бэлэн болоод байгаа юм. Төлөвлөгөөний дагуу ирэх онд найман аймагт ДЦС, 330 суманд дулаан, халуун усаар төрийн үйлчилгээний байгууллагуудыг хангах бага оврын станц барина. Эдгээрийн зураг төслийг өмнөх жишгээр хийлгэвэл 9.5 тэрбум төгрөг хэрэгтэй байсан бол нэг маягийн зураг гаргаснаар 2.6 тэрбумд багтаажээ. Удахгүй Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын төв гээд тус тусдаа уурын зуухтай барилга байгууламжууд нэг л яндантай болно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )