“Давхар дээл”-ийг хэзээ тайлахыг гишүүд шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Давхар дээл”-ийг тайлах, Засгийн газрын данхагар бүтцийг хумих гэсэн тодотгол дагаж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор  хэлэлцээд дэмжсэн юм. Харин өнөөдөр асуудлыг чуулганаар оруулахад Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ, “Энэ хуулийн төсөл Засгийн газарт хариуцлага тооцох хууль биш. Асуудлын зорилго нь зөв байгаад арга нь буруу явбал буруу болно. Хууль батлагдвал 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн аль ч улс төрийн хүчин олонх болсон ч Ерөнхий сайд нь парламентын гишүүн байгаад бусад сайдуудыг гаднаас томилох зохицуулалтаар асуудлыг шийднэ. Тэр үед ямар улс төрийн хүчин олонхи болохыг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Үүнийг ардчилсан сонгуулиар ард түмэн шийднэ. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхи болсон ч Их хурал, Засгийн газар хоёр тусдаа байх зарчмын асуудлыг шийдэх нь чухал гэж харж байгаа. Ерөнхийлөгч хууль хэрэгжих хугацааны асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлсэн“ гэлээ.


Санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив. Харин Х.Болорчулуун, М.Батчимэг, Ж.Батсуурь нарын гишүүд энэ хуулийн төслийг батлагдлаа гэхэд хэрэгжүүлэх хугацааг наашуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.  Ер нь өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед ч гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихийн сацуу хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр санаагаа чилээцгээж харагдаж байсан. Тухайлбал, эрх баригч АН-ын тухайд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаачлан   2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх ёстой гэж үзэж байгаа бол МАН-ынхан хуулийн төслүүдийг хуульчлан батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж үзээд байгаа юм.  МАН-ын нөхдүүдийн тааллаар болдог бол Засгийн газар ирэх сонгуулиас өмнө огцрох, бүрэлдхүүнээрээ өөрчлөгдөх ёстой болно гэсэн үг. Гэхдээ энэ асуудал тэгж амар шийдэгдэхгүй биз ээ.

 

 Ямартай ч Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэ хэвээр хууль тогтоогчид батлах юм бол Засгийн газрын тэргүүн л УИХ-ын гишүүн байна. Бусад гишүүд нь УИХ-ын гишүүн байх эрхгүй болно. Тиймээс ч  “давхар дээл”-ийг тайлна гэх тодотгол дагаад байгаа юм. Харин яг хэзээнээс эхэлж тайлах эсэхийг УИХ-ын гишүүд эцэслэн шийдэх юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top