“Монголросцветмет” ашигтай ажиллах бас нэг боломжтой болжээ. Монголд ажиллаж, монголчуудаар удирдуулдаг гэх ч манайд төдийлөн хүртээлгүй энэ компани Бор-Өндөртэй залгаа төмрийн ордыг өөрийн болгосон. Харин саяхан Asiaminer-т “Монголросцветмет”-ийн шинэ ажлын талаар бичжээ.
Энд “Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компани энэ жил Баргилтын уурхайгаас 52 хувиас дээш төмрийн агуулгатай 230 мянган тонн баяжмал олборлож, экспортлохоор төлөвлөжээ. Энэхүү компани уурхайд 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэл хийснээр их хэмжээний баяжмал үйлдвэрлэх боломжтой болсон байна. Баргилтын уурхай Бор-Өндөрөөс 18 км-ийн зайд байрладаг” гэжээ.
Асгатын мөнгө, алт, порфир, Хяргас нуурын зэс, Өргөн, Зүүн цагаан дэл хайлуур жонш, Баргилтын төмрийн хүдрийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшдэг энэ компанийн эрх мэдэл ерөнхийдөө Орост төвлөрдөг. Асгатын асуудлаар өнөөдрийг хүртэл Засгийн газартай нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй оросууд компанийн хувь эзэмшил, удирдлагын бүтцийн талд байнга шантааж хэрэглэдэг гэхэд болно.
Одоогоос жил орчмын өмнө Монголын талаас энэ компанийн ерөнхий захирлыг сүр дуулиантай сольсон. Харин саяхнаас энэ томилгоо хууль бус байсан талаар яригдах болов.
Төрийн өмчийн хорооны Захиргааны хэлтсийн дарга Ц.Одмаа гэгч өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын хэсгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатарыг томилжээ.
Шинэ дарга Ж.Төмөрбаатар мөн өдөртөө ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цогтсайхан, Уул уурхайн яамны ТНБ даргын үүрэг гүйцэтгэгч Р.Жигжид, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ТНБ даргын үүрэг гүйцэтгэгч Х.Золжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Н.Буяндэлгэр нарыг оролцуулан хуралдаан зохион байгуулж, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын хуралдааны протокол үйлдэж бүгд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Протоколд бичсэнээр өмнөх ерөнхий захирал О.Эрдэнээг 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэжээ. Ингээд түүний оронд ерөнхий захирлаар Х.Болор-Эрдэнийг 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон байна.
“Монголросцветмет” ХХК-ийн дүрмийн 11.7-д зааснаар бол компанийн ерөнхий захирал болон нэгдүгээр орлогчийн томилгоог ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэж, Протокол үйлдэн ТУЗ-ийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ дагуу Оросын тал дээрх хурлыг хууль бус, томилгоо ч дүрмийн дагуу явагдаагүй гэж үзэж буйгаа илэрхийлсээр одоо хэдхэн хоногийн дараа нэг жилийн хугацаатай томилгоо дуусах гэж байна.
Энэ хооронд компанийн удирдлагын багт чухам ямар үйл явдал өрнөсөн нь тодорхойгүй. Ямар ч байсан Бор-Өндөрөөс Баргилт хүрэх 18 км төмөр зам тавигдахаа байж, оронд нь хатуу хучилттай зам хийхээр болсон.
Уг нь хөрөнгө оруулалт энэ тэр нь бэлэн болчихсон гээд байсан энэ ажил бас яагаад зогссон нь мөн л тодорхойгүй. Уг асуудал одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гацчихсан байгаа аж. Тэгэхээр төмрийн хүдэр олборлож, ашгийг нь оросуудтай хувааж хүртэх ажил мөд эхлэхгүй байж мэднэ гэсэн үг.
Үүнээс гадна өнгөрсөн сард Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт болон бусад холбогдох албанаас төрийн болон хамтарсан хэд хэдэн компанид шалгалт хийжээ. Энэ үеэр “Монголросцветмет”-ээс их хэмжээний гаалийн татварын зөрчил илрүүлсэн гэнэ. Тиймээс хууль журмын хүрээнд гаалийн байцаагчийн акт тавьжээ.
“Монголросцветмет”-ийн ойрын үеийн сонин хачин нэг иймэрхүү.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
Эрдэнэ Доржбал нар баргилтыг хуваагаад хувийнхаа компанид огоод очуухэн хэсгийг нь хятад зарж олборлож байгааг хууль хяналтынхан шалгаж байгаа гэсэн хуучин удирдлагууд нь альхэдийн монгоо аваад гадаадын иргэн болсон шуу дээ худлаа хошигруклсан юм бичээд байгаа юм бишуу
та нар олон 10000 гаруй хүн амтай Бор-Өндөр сумыг өдий зэрэгтэй авч яваа компанийг ямар юмны орос ямар юмны буруу зөрүү томилгоо гэнэ вэ унасан нэгийгээ дээрээс нь гишгэдэг орчин үеийн монголчуудын зан болж дээ, төрөөс ямар нэгэн санхүүжилт ямар чтусламж авахгүй байгаа компани амьдрахын төлөө зүтгэж байхад нь дан хов жив хардалт сэрдэлт байж болохгүй, түр хүлээж харцгаая цаг хугацаа бүхнийг харуулна биз
ЗӨВ ШҮҮ