100 мянган тонн Улаанбуудай импортлох тухай асуудалтай холбогдуулан Улаанбуудайн талаар УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
-Манай улс 100 мянган тонн улаанбуудай импортлохоор боллоо. Энэ хэр зөв арга вэ?
-Таваарын улаанбуудай импортоор оруулж ирэх хэрэггүй. Харин гурилын үйлдвэрүүдээс нь сайн чанарын үр авч, буудай үйлдвэрлээд байвал тариаланчдаа дэмжсэн ухаалаг үйлдэл болох байсан юм гэж бодож байна. Бидний тооцоолж байгаагаар манай улсад 20-30 мянган тонн улаанбуудай хэрэгтэй байгаа. 20 мянга орчим тонн үрийн буудай, нийтдээ 50 мянга гаруй тонн буудай оруулж ирэх шаардлага бол бий. Харин үүний 25 мянга нь таваарынх байж болно. Ер нь 100 мянган тонн улаанбуудай оруулж ирснээр хүмүүсийн газар тариалан эрхлэх сонирхлыг бууруулна. Энэ их улаанбуудай чинь тариаланчдын намрын борлуулалтанд сөргөөр нөлөөлнө. Тэгээд ч тариаланчид буудай гэхээсээ илүү рапс тарих байдал бий болно. Хэрэгцээнээс илүү гарсан 100 мянган тонн улаанбуудай валютын урсгалыг гадагш нь гаргачихна ш дээ.
-Өмнөх жилүүдэд улаанбуудайн нөөцийг яаж бүрдүүлж байсан юм. Газар тариалангийн салбар сэргээгүй байна гэсэн үг үү?
-Хөдөө аж ахуйн байнгын хорооноос санал тавиад Үйлдвэр хөдөө аж ахуйн яам руу ажлын хэсэг байгуулж шалгалт хийх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Яагаад гэхээр манай газар тариалан 2012 онд тодорхой түвшинд хүрчихсэн байсан. Сэргэсэн гэсэн үг. Гэтэл энэ том салбар яагаад гэнэт уначихав.
200 мянган орчим тоннын нөөцтэй үр тарианы үйлдвэрлэл байсан. Тэгэхээр энэ яаманд бодлогын алдаа байсан уу гэдгийг тогтоох нь зүйтэй. Мөн үнэ тогтворжуулах хэрэгжилтийн хүрээнд олгогдсон мөнгийг ямар компани хэрэглэсэн, түүний үр дүн юу болсон. Газар тариалангийн салбарт нэгдсэн томоохон бодлогын алдаа байна уу, газарзүй болон үндсэн зохицуулалтыг яаж хийх ёстой юм. Улаанбуудай өөрөө стратегийн бүтээгдэхүүн байхад тариалалтыг яаж дэмжих вэ гэдэг асуудлаар бодлого боловсруулах хэрэгтэй. Мөн энэ талаар бусад намын бүлгүүдтэй уулзаж ярилцах, хяналт шалгалт хийх хэрэгтэй байна.
-Манай нөөцийн буудай чанаргүй учраас гаднаас авахаас өөр аргагүй болсон гэсэн. Тийм биш юм уу?
-Газар тариалангийн салбарын бодлогын алдааг засах ёстой. Дотоодын буудай чанаргүй. Тэр тусмаа 2012 оны ургацыг бол жаахан чанар муутай цавуулаг ихтэй байсан гэж ярьдаг. Харин 2013 оны ургац нэлээд сайн байсан. Гэхдээ дэлхийн стандартад нийцсэн улаанбуудай тариалж гэж хэлэхгүй л дээ.
Гэхдээ бид дотоодын улаанбуудайн тариалалтыг дэмжиж тийм чанартай гурил үйлдвэрлэж чадахуйц болгох бодлогыг л барих хэрэгтэй. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт дэвшүүлэх хэрэгтэй. Заавал татварыг тэглэх маягаар арга хэмжээ авах албагүй. Импортын татварыг тэглэж дотоодын үйлдвэрлэгчдээ цохих хэрэггүй. Үнэхээр дотоодын үйлдвэрийн буудайны цавуулаг тэнцэхгүй байх юм бол үйлдвэрүүд нь татвараа төлөөд импортоор буудайн үр оруулж ирнэ биз. Аливаа нэг зүйл дээр татвар чөлөөлдөг хөнгөлдөг байдлыг цөөхөн гаргах хэрэгтэй.
-ҮХААЯ өнгөрсөн жилүүдэд Оросоос улаанбуудай авч нөөцөө бүрдүүлж байсан. Одоо ч зайлшгүй авах шаардлагатай гээд байгаа?
-Угаасаа гаднаас авдаг байсан, гэхдээ 100 мянган тонн биш. Маш багыг. Энэ асуудлыг Хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцээд яагаад ийм байдалд хүрчихэв. Яг бодитойгоор хэдэн мянган тонн буудайг яаж оруулж ирэх гээд байгаа юм бэ гэдэг дээр ярилцах шаардлагатай байна. Мөн ирэх хаврын чуулганаар улаанбуудайн тариалалтыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачилж, өргөн барих нь зүйтэй юм байна гэж үзэж байна.
-Үнэ тогтворжуулах нэрийдлээр 48 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрүүдэд тараасан байгаа. Энэ хэр үр дүнтэй болсон бэ. Ашиг сонирхолын зөрчил бий юу?
-48 тэрбум төгрөгийг компаниудад тарааж өгсөн. Хоёр нэртэй хэрнээ нэг группт багтдаг компаниудад өгсөн байна. Гэхдээ "Женко" группт хамааралтай компани бол байхгүй л дээ. Тиймээс шууд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж бол болохгүй. "Улаанбаатар гурил" компанид энэ мөнгөний 20 тэрбум очсон. Бас "Улаанбатар" компанийн охин компанид 10 гаруй тэрбум нь очсон жишээтэй.
Дэд хөтөлбөрийн хүрээнд үнэ тогтворжсон гэж ярьж байгаа боловч бидний нүдэн дээр бүх юмны үнэ өссөөр байна. Тэгэхээр энэ бол хайран мөнгийг зүгээр л агаарт цацаад хаячихсантай ялгаагүй зүйл. Тэгээд ч энэ удаагийн дэмжлэг нь буудай үйлдвэрлэх биш гурил үйлдвэрлэхийг дэмжсэн бодлого болчихсон байгаа юм. Уг нь нөөцөнд эх орныхоо хэрэгцээг хангах хэмжээний гурил үйлдвэрлэчих буудай бий.
-Өчигдөр Х.Баттулга сайдад хариуцлага тооцох ёстой гээд байсан?
-Юу юуны туханд хүрэлгүй нэг салбарын сайдыг барьж аваад л хөөе чи гээд байхгүй л дээ. Бодлогын алдаа гаргасан байна уу гэдгийг шалгана. Ер нь газар тариалангийн салбар уналтанд орчихсон уу гэдгийг л үзэж шалгах хэрэгтэй. Хамгийн гол нь бодлогын алдаа гаргахгүй ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчин энэ яаманд ажиллаж байна уу гэдэг асуудал байна.
Энэ намрын ургац хураалтанд технологийн алдаа гаргасан. Гэтэл салбарынхан хамгийн түрүүнд байгаль цаг уурын нөлөө гэж тайлбарлаж байна. Гэтэл өөрсдөө хугацаа алдсан. Буудайн талбайд рапс тариалж гадагшаа гаргасан асуудлууд байж болзошгүй байна.
Өнгөрсөн жил 40 гаруй мянган тонн ургацыг цасанд даруулж алдсан гээд байсан боловч яг үнэн хэрэг дээрээ тэр талбайд рапс тариалчихсан байж болзошгүй мэдээлэл бас байна. Рапс гэдэг ургамал үнэ ханш өндөртэй. Гэхдээ техникийн чанартай рапс тариалаад Хятад руу гаргаж байгаа болохоор газрын үржил шимийг маш их муутгаж тэр талбайд буудай тариалах боломжгүй болгож, талбайг үгүй хийж байдаг юм.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 1 )
Ene MAN uneheer aliigaa aldaj bh shg bna daa, hoorhii. AN urid omno zasgiin erkh barij bhdaa hiideggui bsn olon ajliig hiigeed ehleheer bur bh gazraa olj yadaj bh shig. En muu Sy Batbold met bol zugeer l ter aimagtaa tamgin gazart 1 hurgan darga hiigeed l gelderch yavval boloo shde. tiiim l hemjeenii nohor...