УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Монгол Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагч Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийсэн танилцуулгадаа, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлээд дэмжээгүй. Гэвч өнөөгийн эрх зүйн орчныг газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий талбайд оршиж байгаа орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд нийцтэй байдлаар бүрдүүлэх, газрын тосны эрэл хайгуулыг нэмэгдүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай талаар салбарын мэргэжлийн холбоод, иргэд, орон нутгийн зүгээс санал, хүсэлтээ ирүүлсээр байгааг Засгийн газар анхаарч, энэ асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Энэ үндсэн дээр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлосон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд оруулахаар тусгасан. Мөн хуульд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас газрын тосны нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 дахин нэмэгдүүлж тогтоохоор тооцож хуулийн төсөлд тусгасан гэдгээ дурдав.
Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн ангилалыг тодорхой болгон шинээр нэмж, газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул хийх, газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын үндэсний чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. Уг хоёр хуулийн төслийн үзэл баримтлал нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэж байгаа Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд тусгагдсан гэдгээ тэрээр нэмж хэллээ.
Мөн эдгээр хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулидын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгах үед гишүүн С.Баярцогт хуулийн хоёр төслөөс нэгийг нь дэмжих боломжгүй гэж үзэж байгаа тул хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалгахад Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 58.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )