Төрийн алба уг нь ах дүү хамаатан садандаа өв уламжлуулж, эсвэл бэлэглэдэг “сэнтий” биш юм. Гэхдээ үүний эсрэг бичигдээгүй хууль гэлтэй үзэгдэл Монголын улстөрд бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн МАН-ын гишүүн. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын агентлагийн даргын албанд томилогдсон нь эхнэрийнх нь гавьяа яах аргагүй мөн. Түүний гэргий түлхээс хийж өгөөгүй бол тэрбээр энэ суудалд суух эсэх нь эргэлзээтэй.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү ахынхаа нэр нөлөөгөөр “Монголросцветмет” нэгдлийн захирлаар томилогдоод удаж байна. Мөн Ц.Даваасүрэн гишүүний төрсөн дүү ИНЕГ-т томоохон албанд очсон бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү ямар ч саад бэрхшээл, шалгалт шүүлэггүйгээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг авсан билээ. Хааны алба халаатай гэдэг, Монголд харин үгүй бололтой
Энэ бүх томилгоо ард түмний өмнө ил болсон. Өөрөөр хэлбэл, хуудуутай үйлдлээ олон нийтээс нуухыг ч оролдохоо больсон гэхэд болно.
Тэгвэл саяхан даа, Монголын улстөрд урьд өмнө гарч байгаагүй гэнэтийн явдал тохиож бүгдийн нүд орой дээрээ гарах дөхсөн. Зарим нь үүнийг зөв зүйтэй гэж байхад, амбиц карьер арай хэтэрлээ гэх нь ч байсан.
Хэний тухай бичээд байгааг анзаарсан байх. Энэ бол УИХ-ын Ж.Батзандан төрсөн ахынхаа бурууг илчилж, шударгаар арга хэмжээ авахуулсан явдал.
Түүний төрсөн ах Ж.Батсүрэн Монгол-Солонгосын хамтарсан “Монсам” төрийн өмчит компанийн захирал байсан. Тэрбээр АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийнхоо гаалийн татварыг төлөхгүй хэмээн албаны хүмүүстэй хэрэлдсэн аж.
Үүнийг Ж.Батзандангаас тусад нь авч үзсэн ч хууль бус үйлдэл мөн. Гаалийн татвар төлөх ёстой гэж хуульд заасан л бол хаан, харц хэнбугай ч зөрчих эрхгүй. Тиймээс Ж.Батзандан үүнийг шалгаж, зохих арга хэмжээ авахыг ТӨХ-ноос хүссэн ба хуулийн дагуу Ж.Батсүрэн ажлаасаа халагдсан.
Энэ явдлын дараахан Ж.Батзандан ёстой л хэл амны бай болсон. Гэхдээ тэрбээр олон таван юм ярьж, элдэв тайлбар хийгээгүй. Твиттер хуудастаа “Би төрсөн ахдаа хайртай. Гэхдээ бүх хүн хуульд захирагдах ёстой” гэж жиргэсэн байсан. Монголчууд ахан дүүгийн жудаг энэ тэр гэж хэлэх ч, тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрах жамтай, басхүү үүрэгтэй.
Д.Төмөр-Очир

Сэтгэгдэл ( 0 )