АН, МАН хоёр ажилчид, малчдад таалагдах гээд байна уу

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Намын бүлгүүдийн энэ  долоо хоногт ярьж буй гол асуудал Тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн асуудлууд  болоод байна. Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар малчдын тэтгэврийн насыг наашлуулах хэрэгтэй гэж байв.

Учир нь хөдөөгийн малчид хагас бүтэн сайн өдөр амардаггүй. Ямар нэгэн баяр тэмдэглэлт ойгоор амрах гэдэг зүйл огт байхгүй. Тэд  үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл хөдөлмөрлөж, эх орныхоо хүнсний гол хэрэгцээг хангаж, баялагыг бүтээж байгаа хүмүүс. Тэгсэн мөртөө оройтож тэтгэвэрт гардаг хэрнээ маш бага тэтгэвэр авдаг. Манай намынхан хөдөө орон нутгаар явж 21 аймгаа тойроход ийм асуудал яригдаж байсан. Тэд тэтгэврийн насыг  наашлуулж өгөхийг хүссэн юм. Тэтгэврийн насыг 5-10 жилээр наашлуулахыг байнгын хороогоор хэлэлцүүлнэ МАН сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  

Гэтэл өнөөдөр АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өндөр настанууд тэтгэвэрт гармагцаа сэтгэлээр унадаг, ажил хийх хугацаа нь дуусгавар болдог. Амьжиргааны эх үүсвэр нь тэтгэвэр байж чаддаггүй. Тиймээс тэтгэврийн насыг хойшлуулах хэрэгтэй гэв. Харин эрүүл мэндийн даатгалаа олон жил төлөөд үр шимийг нь хүртэлгүй, ямар нэгэн эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй иргэдэд урамшуулал олгодог болгох хэрэгтэй.

Уг асуудлуудыг байнгын хороогоор оруулж хэлэлцүүлнэ гэв. Мөн нэг гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд түүний эхнэр, нөхөрт талийгаачийнх нь авах ёстой тэтгэврийн тодорхой хувийг нөхөн олгодог байх учиртай гэсэн санал гаргав. АН, МАН хоёр тэтгэвэр тогтоолгох насыг  наашлуулна, цаашлуулна гэсэн хоёр өөр байр суурьтай байна. Нэг нам нь малчдад таалагдах гэсэн нөгөө хэсэг нь ажилчдад таалагдах гэсэн хоёр санааны агуулга уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top