УИХ-ын зарим гишүүн статистикийн дүн худлаа гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засгийн газраас нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулав.

Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг. Зөвлөлийн зарим гишүүдийн албан ажлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн болон статистикийн мэдээ, мэдээллийн чанар, бодитой, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс зарим байгууллагын төлөөллийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж Үндэсний статистикийн хорооноос уг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах санал ирүүлсэн юм байна.

 Статистикийн тухай хуульд Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар заасан байдаг аж. Түүнчлэн Зөвлөлийн 3 гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ.

Стантикийн хорооны зөвлөхөөр томилогдож орж ирсэн зургаан хүнийг хэн сонгов. Нийтийн төлөөллөөс хүн байхгүй юм уу гэж С.Ганбаатар гишүүн дуугаа өндөрсгөв. Мөн Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын гишүүд Үндэсний Статикийн хорооны дүн эргэлзээтэй дандаа буруу гардаг. Статистикийн дүнд хүн бүхэн эргэлзэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байхад буурсан гэсэн тоо гаргаад байдаг. Гэтэл яг амьдрал дээр буурсан гээд байгаа нь эсэргээрээ нэмэгдсэн байдаг гэцгээв. Д.Лүндээжанцан гишүүн"Засгийн газрын бодлогоор ингэж буурсан гэдэг тоо гаргуулаад байдаг байх. Тиймээс сөрөг хүчний хүнийг энэ зөвлөхөөр томилвол зүгээр" гэв.

 Хуулийн заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг санал болгосон байна. Энэ асуудлыг өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

 Ингээд Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 86.9-90.7 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжсэн тул уг тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.Ийнхүү үндэсний статистикийн хорооны зөвлөл шинэчлэгдэн батлагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэ хэ(103.9.90.135) 2025 оны 03 сарын 13

наад зах нь тоонд сайн, утгыг нь ойлгодог хүн л статистиктай хамаатай байж болно. түүнээс сөрөг хүчний айхтар сайн хуульч гэх мэт хүн огт ҮСХ-ны зөвлөлд орох хэрэггүй. хуульч нар ер нь тоонд муу, дунд сурдаг л нөхдүүд биз дээ. хэ хэ

1  |  0
Top