Говь-Алтайгүй юм алга

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Говь-Алтай аймаг ойрын үед сайн, муугаараа хэлэгдэж, олны анхаарлын төвд хамгийн их орсон газраар тодорч байх шиг. Ч.Сайханбилэг гээч сайхан балгийн “буян”-аар энэ аймгийн бүх газрыг алттай гэж итгэсэн хүмүүс одоо хүрз, шуудай бариад тааралдсанаа сэндийчиж эхэллээ.

Өөрийнх нь буруу биш юм уурлаж “Зүгээр л асуудал оруулсан даг. Дэмжигдээгүй өнгөрсөн юмаар юундаа шоудаад байгаам” гэж ирээд гоншгонож эхэлсэн. Хэрвээ энэ асуудал дэмжигдсэн бол яана аа. Түүнээс одоо асуух ганц л зүйл байна. Та эдийн засаг хямрах төлөвт оронгуут Монгол Улсын бүх газарт хайгуул хийх ёстой гэж боддог уу.

Дараагийн асуудал нь Говь-Алтайн нөхөн сонгууль. 2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн Сонгуулийн хороо МАХН-ыг бүртгээгүй нь ардчилсан зарчимд үл нийцэх хэрэг тул өнөөдөр ийн хэрэг ундарчихаад байна. Одоо Хөхморьт, Есөнбулаг сумдад дахин сонгууль болно.

Гэтэл МАН-ын нэр бүхий гишүүд Говь-Алтай руу явж ард иргэдийг үгийг сонсохын сацуу, нөхцөл байдалтай танилцаад ирсэн юм байх. Тэгээд энэ тухай хэвлэлийнхэнд мэдэгдэхээр өнөөдөр яаралтай хурал зарлажээ.

2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 144 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн 2012 оны сонгууль Төгрөг, Баян-Уул, Хөхморьт, Шарга гэсэн сумуудад, тус аймгийн төвийн Баяншанд багт хууль зөрчиж явсныг тогтоон, хүчингүйд тооцсон юм. Нэг үгээр бол одоогийн Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ, өнгөрсөн жил гаруйн хугацаанд гаргасан тогтоол, шийдвэрүүд бүгд хүчингүй гэсэн үг. Мөн дахин сонгууль 164 сая төгрөг зарцуулахаар болсон.

Энэ мэт олон асуудал гарсан учраас сөрөг хүчин бодит байдлыг нүдээр харахаар явсан нь энэ. Тэгэхээр өнөөдөр Төрийн ордонд Говь-Алтайн сонгууль дахиад л бужигнаан үүсгэх нь.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top