Д.Энхжаргал: Баасан гаригаас төрийн компаниудын тендерийг ил болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалаас шилэн тендэртэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн өмчит компаниудын тендерийг ямар замаар ил тод болгох гэж байна?

-Төрийн өмчит компаниудын тендерийг ил  болгож өгөөчээ гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу ирэх тав дахь өдөр нээлттэй зарлана. Энэ талаарх мэдээ материалаа бид бэлдэж байна.

-Шилэн тендерийн үр дүн яаж мэдэгдэж байна?

-Шилэн тендер гэдэг бол тендерийн арга биш. Энэ нь цахим худалдан авалт юм. Урсгал зардлын үр  дүнг цахим хэлбэрээр явуулна гэсэн үг. Мөн тендерт оролцож байгаа мэдээ материалыг ард түмэнд нээлттэй болгож, хяналт тавих гэсэн зарчмыг баримталж буй уг ажлаа бид шилэн тендер гэж хэлж байгаа юм.

Уг ажлын хүрээнд энэ жил зохион байгуулагдах 129 төсөл арга хэмжээг бүгдийг нь цахимаар явуулна. Мөн төрийн байгууллагын гурван бүтээгдэхүүний болон байнгын хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүний урсгал зардлыг цахим хэлбэрээр явуулах юм. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цахим дэлгүүр ажиллаад эхэлнэ. Одоогийн байдлаар ирсэн бүх төсөл арга хэмжээгээ цахимаар зарлаад эхэлчихсэн. Үүнтэй холбоотой сургалтыг  долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол үнэгүй  хичээллүүлж байгаа.

-Яг бүрэн цахим гэдэг утгаараа ажиллахгүй байна гэсэн гомдол гараад байгаа?

-Тийм. Долдугаар сарын 1 гэхэд шүүх, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон төрийн байгууллагууд бүх мэдээллээ цахим болгож солилцоно. Ирэх сарын 2-нд цахим гарын үсгийн ажил дуусаад хэрэгжээд эхэлчихнэ.

-Давуу тал нь юу вэ?

-Мэдээж олон давуу талтай. Наад зах нь цаас, цаг хугацаа хэмнэнэ.Орон зайн хамааралгүйгээр тендерт оролцох нөхцөл боломжыг хангаж байна.Тодорхой цаг хугацааны дараа бид явцын мэдээ болон гарч байгаа үр дүнгийн талаарх мэдээллийг гаргаад цаг тухай бүрт нь танилцуулна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top