Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.
-"Монголдоо бүтээцгээе" нэрийн дор үйлдвэржилтийг дэмжих төслийг санхүүжүүлэх мөнгө хаана төвлөрч байгаа вэ?
-10 жилийн хугацаатай 30 тэрбум иенийн бонд гаргасан. Үүний нэг жилийн нийт хүү шимтгэлийн зардал 3.52 хувь байгаа. Энэ нь бидний авч байгаа бусад санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад харьцангуй бага зардалтай бонд болсон. Нийт 30 тэрбумаас ойролцоогоор 230 гаруй сая доллартай тэнцэх хэмжээний иен орж ирсэн юм. Мөн 24.3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний хөрөнгө Монголбанкин дахь Хөгжлийн банкны бондод энэ сарын зургааны өдөр орж ирсэн. Үүнээс 5.7 тэрбум иен нь Японы олон улсын хамтын ажиллагааны бондын шимтгэлийн хүүнд төлөгдсөн.
-Бондын мөнгөнөөс аль банкуудад ямар хэмжээний мөнгө хэдэн хувийн хүүтэйгээр байршуулсан байгаа вэ?
-5.7 тэрбум иенийг Японы банк өөрийн баталгаа гаргасны шимтгэлд суутгаж авсан. Энэ нийт арван жилд авах бүх шимтгэлийн зардал юм. Бид цаашдаа зөвхөн хөрөнгө оруулагч нарт төлөх 1.52 хувийн хүүг л тогтмол төлөөд явна. Тэгэхээр жилийн 4.4 сая доллар гэсэн үг. Дотоодынхоо хамгийн том хоёр банкинд байршуулсан.Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд бондынхоо зардлыг нөхөх хэмжээний хүүтэйгээр байршуулсан.
-Энэ мөнгийг жил, жилд нь төлсөн бол эдийн засагт өгөөжтэй биш үү?
- Энэ нь Японы талын журам юм. Хамтарч ажиллаж байгаагийн хувьд бид энэ журмыг нь хүндэтгэж үзэх учиртай. Мөн алдагдсан боломжийг тодорхой хэмжээгээр үгүйсгэж байгаа. Таны хэлснээр бид энэ хөрөнгийг тухайн үедээ аваад 10 жил зарцуулаад явснаас илүү зардал гарах боломж бий. Ханшийн эрсдэлийг удирдахдаа 30 тэрбум иенийг нэг дор төлнө. Энэ нь бидэнд эргээд орлого болоод ороод ирэх боломжтой юм. 10 жилийн дараа өсөх болов уу гэсэн төсөөлөл байгаа. Гэхдээ бид иений эрсдэлийг долларын эрсдэл рүү шилжүүлэх ажлаа идэвхтэй судалж байна.
Н.Чимэг

Сэтгэгдэл ( 0 )