Авлигын эсрэг хуулийг өөрчлөхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа.

 

 Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 1 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороодод шилжүүлсэн.

 

Төсвийн байнгын хороо Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцуулсан юм.

 

  Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат цаашид цэргийн алба хаасан хүнийг хууль сахиулах болон авлигатай тэмцэх байгууллагад томилж байх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ авлигатай тэмцэх байгууллагын хэлтэс, албаны удирдлагад эрх зүйч мэргэжилтэй хүнийг ажиллуулж байх, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нэгдсэн байдлаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед авлигатай тэмцэх байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй.

 

  Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 30.9 дэх хэсгийг “Авлигатай тэмцэх байгууллагад гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно.” гэж өөрчлөн найруулах, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж, Р.Бурмаа нар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасан нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм.

 

  Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top