Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулахыг батлав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр 42 гишүүн хүрэлцэн ирснээр 10.00 цагийн орчимд эхэллээ.

Хуралдааны эхэнд Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж төсөл бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулж баталлаа.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулснаар орон нутагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж байгуулагдах болж байна. Мөн Авлигатай тэмцэх газрыг Авлигатай тэмцэх ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулна.

Олон улсын жишгээс харахад Авлигатай тэмцэх байгууллага нь олон нийтийн хяналтын зөвлөлтэй, орон нутагтаа салбар, нэгжтэйгээр,  ихэвчлэн “хороо”–ны зохион байгуулалттай ажилладаг байна. 

Түүнчлэн дээрх хууль батлагдсанаар Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд  хувцасны загварыг Авлигатай тэмцэх байгууллагын дарга баталж байх зэрэг зохицуулалтууд хийгдэх болж байна.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоо тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top