Говь-Алтайн дахин сонгуулийн хэрүүл тэгсгээд намдаж, МАН тахимаа өгсөн. Гэхдээ дууссан гээд байгаа хэрүүл нь МАН дотор үргэлжилж, одоо хоёр талцсан байдлаар сонгуулийн ялагдлын буруутанг олохоор энд тэнд үг хаяж эхлэв.
Хамгийн сүүлд л гэхэд аймгийн намын хорооны гишүүд мэдээлэл хийж “Намын дотоод хагарал, эв түнжингүй байдал, хамт олонч зарчим алдагдсанаар сонгуульд ялагдав” гэх мэдэгдэл гаргаж, Говь-Алтайн МАН-ын дарга л хариуцлага хүлээх ёстой гэв. Үүнийг МАН-ын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт даалгаж орхив бололтой. За энэ ч яах вэ, намын дотоод асуудал.
Гэтэл бас тийм биш бололтой. Өмнө нь ч МАН-ын ялагдаж үзээгүй гоншигонодог гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл одоо тэгэж олон юм ярихаа больсон ч дотоодынхаа хамаг хэрүүл уруулыг тайзан дээр хийх шахдаг болж.
Гэхдээ амбиц нь хэтэрсэн залуусын тулга тойрсон хэрүүл гэгдээд буй энэ асуудлын цаана УИХ-ын гишүүн Ц.Дашдорж байгаа гэдгийг намын томчууд шивэр авир хийх болов. Угаасаа сонгуульд оролцохдоо ч хэрүүл уруултай байсныг одоо намынхан нь дэлгэж эхэллээ.
Нийт 17 мандатын төлөө 15 нэр дэвшигч сойсон хэрнээ орон нутгийнхаа зовлон, жаргалыг илүү сайн мэдрэх аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыгаа нэр дэвшүүлсэнгүй, тойргийн гадна үлдээсэн. Тэр үед Ц.Дашдорж сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, Засаг даргын эзгүйд сонгуулийн жагсаалтыг гаргах бүх ажлыг төлөвлөж, гүйцэтгэсэн. Даанч санаснаар нь болсонгүй.
Харин одоо аймгийн намын хороог хоёр талцуулсан хэргийг даргад нь тохоод өөрөө ард нь үлдэхээр шийдэв. Бас болоогүй ээ, тэртэй тэргүй суудалдаа үлдэх гэж зууралдаж, зам мөр нь дэн дунтай байгаа Ч.Хүрэлбаатарыг хөлдөө чирч байгаа аж.
Ч.Хүрэлбаатарын гэх хэрэг одоо ч дуусаагүй байгаа. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүгдсэн.
Хэргийг шалгасны дүнд Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат нарыг Сонгуулийн хууль зөрчин мөнгө тараасныг тогтоосон юм. Уг нь сонгуулийн хуулиар бол мөнгө тараалгасан, тараасан хоёр хоёулаа гэм буруутайд тооцогдох учиртай. Нөгөөтэйгээр Монголд үйлчилж буй хүчин төгөлдөр хуулиар тэдэнд холбогдох эрүүгийн маргаан эцэслэн шийдэгдсэний дараа захиргааны маргааныг шүүх хэлэлцэх ёстой.
Ингээд суудалдаа үлдэх үү, эс үлдэх үү, улстөрийн карьер нь дуусах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа Ч.Хүрэлбаатарт МАН-ын дотоод хагарлын учрыг олж хужрыг тунгаах үүрэг ноогдууллаа.
Юу вэ гэхээр, Ц.Дашдорж аймгийн төлөө ихийг хийдэг хүн шиг харагдахын тулд хийснээ баллан, дараагийн нүүдлээ тавьж буй аж. Гэхдээ тэр говь-алтайчуудын өмнө жүжиг тавихаар илүү бодитой ажил хийвэл дээр.
Говь-Алтайн сонгуулиас хойш энэ аймгийн хөгжил муутай, сул дорой, ядруу байдал олны өмнө ил болсон. Хоёр намынхан биес рүүгээ дайрч, сүүлд нь МАН дотроо алалцах үеэрээ бүх булхайнуудаа нэг мөсөн дэлгэсэн.
Тухайлбал, Ц.Дашдорж УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж АТГ шалгаж байсан. Үүний дагуу Аудитын байгууллага шалгалт хийхэд Ц.Дашдорж тойрогтоо зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээр иргэдэд олгосон хөрөнгө, аж ахуйн нэгж хоршоодод олгосон хөрөнгө гэх зэрэг нийтдээ 421 сая төгрөгийг хувьдаа ашигласан нь тогтоогджээ. Нэг суманд сургууль, эсвэл эмнэлэг барьчихаар их мөнгө. Нутгийнхан нь түүнийг амлалтаа биелүүлдэггүй хүн дээ гэж байсан.
Иймэрхүү үйлдлийнхээ гороор ирэх парламентад сонгогдох нүүргүй болсон түүний эцсийн арга нь Говь-Алтайгаас МАН-ыг төлөөлөөд төрд орчих боломжтой хүмүүсийг хооронд алалцуулж, өөрөө ард нь алга үрчин үлдэх явдал ажээ.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
ДАШДОРЖИЙГ Л СОНГООД БАЙНА ГЭХЭЭР ГОВЬ-АЛТАЙХАН ЯМАР ИХ ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ УЛС ВЭ ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭНЭ.ХЯЗГА