Газрын тосны гацаатай хуулийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Тус  байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл нь Газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг  нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар боловсруулжээ. Мөн газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинг нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тусгаж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч төсөлд тодорхой тусгасан байна.
 
Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг ийнхүү хуульчлан, шинэчлэн найруулсан байна.  Хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс зарим ойлголтыг өөрчилж, нэмж, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  тус тус боловсруулсан байна. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top