Энэ онд шинэ төмөр зам барих ажил эрчимжинэ гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Өнөөдөр АН-ын 4:11 уулзалт боллоо. Уулзалтын үеэр  Ч.Сайханбилэг энэ онд шинэ төмөр зам барих ажил эрчимжинэ гэлээ. Мөн үүнтэй холбогдуулан Засгийн газар хуралдаж царигийн асуудлыг хэлэлцэх аж. Улмаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд царигийг хаврын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Мөн Шинэчлэлийн Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дөрвөн эх үүсвэрээс санхүүжилтийн эх үүсвэрийг шийднэ хэмээн үзэж байна. Үүнд нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт байхаас гадна Чингис бонд, Самурай бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжилтийг босгох аж.

Түүнчлэн нэр бүхий зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил ажил нь урагшлаагүй Хөвсгөл, Дорнодын авто замыг мөн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзварыг өргөтгөсөн энэ онд 15 уулзварыг нэмж өргөтгөн ашиглалтад оруулах бол хурдны зам барих ажил эхлэх ажээ.

Ардчилсан намын хувьд энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласан тул сургагч багш нарыг бэлтгэх ажил хавраас эхлэх аж. Мөн сум бүрээс хоёр хүнийг Удирдлагын академид сургана. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж батлах гээд нэлээд ажилтай байх тухай тус намын ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top