Зөвхөн нүүрсэнд түшиглэсэн төслүүд олон үр нөлөө дагуулна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Арваад орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа “Coal Mongolia 2014” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхлээд байна. Нүүрсний салбарын боломж, тулгамдсан асуудлын шийдлийн талаар мэргэжилтнүүд, бизнесийнхэн, хөрөнгө оруулагчид хамтран хэлэлцэх юм.

 

Монгол Улсын нийт экспортын дөрөвний нэг хувийг эзэлдэг нүүрс манай эдийн засгийн чухал салбар юм. Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 34 сая тоннд хүргэхээр зориод байгаа гэх мэдээллийг засгаас өгч буй. Ерөнхий сайд  Н.Алтанхуяг тус чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шингээх боломжтой нүүрсний салбарт манай улс ирэх жилүүдэд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлнэ” гэж байв.

 

За ямартай ч 20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум тонн  нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон нь ойрын ирээдүйд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон гол үзүүлэлт. Энэ хэмжээний нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болно. Бас нэг том төсөл бол Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах. 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан энэ үйлдвэр жилдээ 50 сая тонн нүүрс боловсруулна. Үйлдвэрлэсэн хийн түлшээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй Хятадын зах зээлд борлуулахаар төлөвлөж байна. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл ч эхэлсэн.  Зөвхөн нүүрсэнд түшиглэсэн дээрх төслүүд Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэх гээд нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр үр нөлөө өгнө гэж мөн тэрбээр хэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top