“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өнгөрсөн долоо хоногт бараг 8%-иар буурч, Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ нь 3.14 доллар болсон байна. Энэ нь тус компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм. Уг мэдэгдэлд Монголын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд шийдвэрлэх ёстой асуудлыг ирэх сарын 31-нээс өмнө буюу зээл олгох баталгааны хугацааны өмнө амжиж нэг мөр болгохгүй бол далд уурхайн ажил дахин хойшилж магадгүйг анхааруулжээ. Харин үүнд хариу болгож “Эрдэнэс Оюутолгой” компани хэвлэлийн мэдээ гаргасан бөгөөд үүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь гүний уурхайн оны хоёрдугаар улиралд боловсруулагдаж дуусах техник, эдийн засгийн судалгаанаас хамааралтай болохыг онцолжээ.
Үүнээс гадна “Turquoise Hill” өнгөрсөн оны сүүлээр Rights offering буюу нэмэлт хувьцааны арилжаа хийхээр болж нэг тэрбум ширхэг нэмэлт хувьцааг өөрийн компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд худалдаж авахыг санал болгосон билээ. Энэ дагуу өөрийн эзэмшлийн хувьцаа бүрийн тоогоор хувьцаа эзэмшигч бүр нь тодорхой хөнгөлөлттэй үнээр хувьцаа авах эрхтэй болсон. Гэхдээ энэхүү эрхээ бүрэн ашиглахгүй бол тухайн хүний хувьцаа эзэмшлийн хэмжээ буурахаар байв. Учир нь тус компанийн нэмэлт хувьцааны худалдаагаар нийт хувьцааны тоо нь хоёр дахин нэмэгдсэн юм. Тодруулбал, хувьцааных нь тоо хоёр дахин нэмэгдэж, хоёр тэрбум гаруй ширхэг болсноор компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь ч хоёр дахин өссөн. Гэсэн ч “Оюутолгой”-н үнэлгээ аажмаар буурсаар. Энэ сарын эхээр тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ 6.6 тэрбум доллар байсан бол өнөөдрийн байдлаар 6.54 тэрбум доллар болж доошилжээ. Харин нэмэлт хувьцаа гаргах үед “Turquoise Hill Resources” буюу “Айвенхоу Майнз”-ыг үндэслэгч Роберт Фридланд хувьцаа худалдаж авах эрхээ бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байсан билээ. Гэсэн ч хамгийн сүүлийн мэдээллээр, түүний тус компани дахь эзэмшлийн хэмжээ нэлээд буурч 3.6% болжээ. Уг нь тэрбээр тус компанид 5%-иас илүүг эзэмшиж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр хэлж байсан шигээ нэмэлт хувьцаа худалдаж авах эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
Түүнчлэн Turquoise Hill-ийн бусад гол хувьцаа эзэмшигчийн зарим нь нэмэлт хувьцааны худалдаанд оролцоогүй бол нөгөө хэсэг нь бүх эрхээ ашиглан оролцжээ. “Fidelity Investments” компани худалдаанд оролцоогүй бөгөөд түүний эзэмшлийн хувь хэмжээ 2.47% болж буурчээ. Харин “RS Investments”, “Pentwater Capital Management”, “Temasek Holdings” зэрэг компани нэмэлт хувьцааны худалдаанд бүрэн оролцож, эзэмшлийн хувиа хадгалжээ. Одоогоор Turquoise Hill-д “RS Investments” 6.35%, “Pentwater Capital Management” 7.38%, Temasek 8.5%-ийг тус тус эзэмшиж байна. Ийнхүү нэг хэсэг нь “Оюутолгой”-н ирээдүйд итгэлгүй байгаа бол нөгөө хэсэг нь итгэлтэй хэвээр байгаа юм. Turquoise Hill-ийн хяналтын багцыг эзэмшигч “Рио Тинто”-гийн тухайд хувьцаа авах эрхээ бүрэн ашиглаж, 1.2 тэрбум доллар зарцуулсан бөгөөд эзэмшлийн 50.8%-иа хэвээр хадгалжээ.
Сэтгэгдэл ( 0 )