Олигархиудын загалмайлсан “өвөө” П.Очирбат цагаан алтны хаан

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг саяхнаас иргэний хөдөлгөөнүүд “Олигархиудын загалмайлсан өвөө” хэмээн нэрлэжээ.  Ийм “өргөмжлөл” хүртэх олон шалтгаан байгаа гэнэ. Юун түрүүнд Дорнодын их талаас нефть оргилуулан дээлээ мялааж байхдаа “Удахгүй бид бензинээ өөрсдөө хийдэг болно” гэсэн нь мянгуужингийн үлгэр болж, одоо Тамсагт Хятадууд манай нефтиэр гараа угааж байна. Мөн Оюу толгойн гэрээг хийхэд мэргэжлийн хүний хувьд хуруугаа ч хөдөлгөөгүй. Эцэст нь уг гэрээ “Айвенхоу майнз”-ын зохион байгуулалттай луйвар, дэлхийн томоохон корпорациудын манайх руу онилсон эдийн засгийн аллагын эхлэл болоод байгаа билээ. Уул уурхайн инженер, эрдэмтэн П.Очирбат гуай энэ талаар мөн “А”-ч дуугардаггүй. Анх “Алт” хөтөлбөрийг түүний санаачилга, зүтгэлээр баталсан. Энэ хөтөлбөрийн ачаар гадаад, дотоодын компанийн эзэд алтаар бөөлжиж, зарим нь баах нь холгүй болоод байна. Монгол банкинд тушаах алт жилээс жилд багассаар байгаа. Сүүлдээ жилд хэн хэдэн тонн алт тушааж байгааг нууцалдаг болсон. Өөрөөр хэлбэл, олигархиудын “өвөө” П.Очирбатын буянаар монголчууд алтаа ухсан хэрнээ гуйлгачин хэвээр хоцорлоо. Тэгвэл “өвөө” маань Хэнтий аймгийн Батширээт сумын нутгаас Монголдоо ховорт тооцогддог цагаан алт зөөж, Онон голыг бохирдуулсандаа сэтгэл зовсон шинжгүй инээд алдан малилзаж суудаг болжээ. Тус сумын Гутайн голын савд байдаг тэрхүү ордыг "Ю Энд Би" компани ашиглаж байна. Энэ нь П.Очирбатын “Тэнгэрийн цаг” компанийн охин компани гэдэг. Гутайн гол нь Хулганын голтой нийлж 20-иод км замыг туулан Онон голд цутгана. Зуу гаруй ажиллагсадтай тус компанид монгол ажилчин бараг байхгүй. Гадны хүн оруулдаггүй, маш чанд нууцлалтай. Америкууд анх 2001 онд хөрөнгө оруулалт хийж байсан гэдэг. Эхний үед жилд 20-иод тонн цагаан алт авч байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ашиг орлогоо тас нуудаг болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Орон нутагт оруулж буй хөрөнгө оруулалт огт байхгүй. Хамгийн ноцтой нь энд байгаль орчныг бүхэлд нь сүйтгээд дуусч байгаа юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Онон голын ус бохирдсон гэж гарч байна. Онон гол  Монголдоо бүү хэл, дэлхийд хамгийн цэнгэг, рашаан устай голуудын нэг байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг өөд болохоосоо өмнө нутгийн ах П.Очирбатдаа Гутайн цагаан алтны ордын лицензийг худалдсанаар тэндхийн байгалийг сүйтгэх, Онон голыг бохирдуулах “Их аян” ийнхүү гашуудлаар төгсөх үүд хаалга нээгдсэн гэж эх сурвалж тайлбарлаж байна. Олигархиудын “өвөө” ингэж Монголын цагаан алтны хаан болжээ. Баабарын хэлээд байдаг өнөөх шалдан хаан биш ажээ.


Б.Отгонбаяр. Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top