ЗГХЭГ-аас өнөөдөр "Хилийн боомтын шинэчлэл" уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.Уг зөвлөгөөнөөр Хилийн боомтын ажлын чанарыг сайжруулах,Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох зорилготой аж. Монгол улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болсон гэж албаныхан ярьлаа.
Нээлтэнд үг хэлсэн ЗГХЭГ-ын дарга,УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн ярьснаар "14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа бичжээ". Иймэрхүү хууль бус үйлдлийг арилгах зайлшгүй шаардлага бий гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. Хилийн боомтын шинэ хууль ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжих ажээ.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Баярбатаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Хамгийн хүнд нөхцөлтэй хилийн боомт хаана байна?
-Хилийн боомтууд бүгд ижилхэн нөхцөлтэй байна. Дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байгаа. Зарим боомтууд хятадаас цахилгааныхаа эх үүсвэрийг авч байгаа. Цахилгаанаа дотоодоосоо хангадаг болох хэрэгтэй байна.
-Шинэ хөтөлбөрт юуг тусгав?
-Худалдаа үйлчилгээ, иргэд байнга оршин суух нөхцөл боломж зэрэг олон зүйлийг тусгасан. Хилийн боомтуудаар зам тээвэр нэлээдгүй орж, ирж байна. Энэ байдлыг уялдуулаад шинэ хөтөлбөрийг боловсруулсан.Төлөвлөгөө гарсан хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байгаа.
-Алтан булаг замын үүдийн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө гээд байсан. Яагаад дахин дахин төлөвлөгөө хийнэ гэд яриад байдаг юм бэ?
-Ерөнхий төлөвлөгөө байсан. Тэр үеэс хойш нийгэм өөр болсон. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой шинэ төлөвлөгөө гаргаж байгаа юм.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )