Царцаасан барилгын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж 2014 оны төсвийн тодотголын талаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ажлын хэсгийнхэн Аудитын дүгнэлтийн "Хойшлуулах шаардлагатай төсөл, арга хэмжээ"-ний жагсаалтад багт­сан 81 төсөл, арга хэмжээнээс  заримыг нь энэ онд багтаан санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, орон нутагт хэрэгжих нийт 15 цэцэрлэгийн барилга, орон нутагт хэрэгжих найман сургууль, сургуулийн дотуур байрын барилга, нийслэлд хэрэгжих нэг сургуулийн барилга, гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа гурван төсөл арга хэмжээг буюу нийт 36.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 27 төсөл, арга хэмжээг энэ онд 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин үлдсэн 57 төсөл, арга хэмжээний жагсаалтад "захиалагчийн урсгал төсвөөс хасаж санхүүжүүлэх", "төлөвлөлтийн алдаанаас нэр солигдсон", "орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх шаардлагатай" гэсэн үзүүлэлтээр хамрагдсан долоон төсөл арга хэмжээг буюу нийт 61 төсөл, арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Ийнхүү асуудлыг хэлэлцэх үед МАН-ынхан УИХ-ын 63 дугаар тогтоолыг Аудитын байгууллага гажуудуулан хэрэглэсэн гэж байв. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "63 дугаар тогтоолд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, ажил удааширсан байдлыг Аудитын газраар шалгаж тогтоолгох заалтыг оруулсан. Гэтэл Засгийн газрын хэлэлцэж шийдвэрлэх ёстой царцаасан объектод нэмэлт хөрөнгө өгөх эсэх, объектыг арилжаалж төр зарсан мөнгөө эргүүлэн авах эсэх гэх мэтээр нарийн шийдвэрүүдийг гаргасан байна. Хэн А.Зангадад энэ эрхийг өгөөд байгаа юм. Тэгээд ч Авлигатай тэмцэх газар үүнийг шалгаж дуусаагүй байхад царцаасан объектуудад шаардагдах хөрөнгийг нь өгчихвөл юу болох вэ. Тэгэхээр хэлэлцэхийг хойшлуулж Засгийн газраас өргөн бари­хыг шаардвал ямар вэ" гэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top