Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн, Агаарын бохирдлын талаарх заалтыг Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хуралдлаа.
Дээрх гишүүдийн Засгийн газрын тухай хуульд оруулах заалтын гол санаа нь агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институтуудын уялдаа холбоог сайжруулах, өөрөөр хэлбэл бүх яамдын ажлын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар заалтуудыг оруулах байсан юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлж буйгаар ингэж бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг оруулах нь илүү үр дүнтэй арга болох бөгөөд 2016 он гэхэд иргэд агаарын бохирдлыг бууруулах талаар ямар нэг арга хэмжээ авч ажилласан байна гэж хэлэхээр болох ажээ.
С.Баярцогт гишүүн дээрх заалтыг санаа нь зөв хэдий ч арга нь буруу байна. УИХ-ын гишүүд хүссэн үедээ ингэж яамдын бодлогыг тодорхойлоод байвал цаашдаа буруу жишиг тогтоно гэлээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн түлшийг ашиглаж занших хэрэгтэй гэсэн санал гарснаас гадна Д.Эрдэнэбат гишүүн агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөвхөн Цэвэр агаарын тухай хуулиар л зохицуулна гэсэн байр суурьтай байлаа. Ингээд хууль санаачлагчид болон гишүүд санал бодлоо хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх эсэх талаар санал хураахад 13 гишүүний ес нь дэмжсэн юм. тиймээс уг хуулийн төслийг УИХ-д С.Дэмбэрэл танилцуулахаар боллоо.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )