Таарсан таар шуудайнууд...

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

АН-ч бай, МАН-ч бай аль аль нь таарсан таар шуудайнууд гээд хэлчихэд буруу таньсан болохгүй нь. Угаас бодит нөхцөл байдал нь тэднийг тэгж батлан харуулж байна. Монгол төрийн эрх мэдлийг сүүлийн хорь гаруй жилд хуваан эзэгнэсэн энэ хоёр улстөрийн хүчний толгойд суугаа завхарсан нөхдүүдээс болж бүхэл бүтэн намуудын нэр хүнд шалдаа унаж байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь  МАН, АН-д хэтэвч нэгтэй учраас эрх ашиг нэгтэй нөхдүүд олон гэдгийг хувь бизнесүүүд болоод гаргаж байгаа шийдвэрүүд нь гэрчилж ирсэн байдаг. Түүнчлэн аль алинд нь нүглийн нүдийг гурилаар хуурсан но-той нөхдүүд олон тул аливаа асуудал үүслээ гэхэд нэг нь нөгөөхөө шантаажлах эсвэл найр тавих замаар тохиролцож ирсэн. Яг тэр байдал энэ хавар ч давтагдаад байна. Учир нь өөрсдийгөө түүхэнд байгаагүй хүчтэй сөрөг хүчин гэж итгэн тэмцэл өрнүүлээд байгаа харагдаад байсан МАН-ынхан “сугардаггүй” Д.Сугарынхаа асуудлаар АН-тай тохиролцоо хийж байгаагаа өчигдөр батлан харууллаа. Хууль зүйн  байнгын хорооны хуралдаанаар түүнд холбогдох асуудлыг хэлэлцэх байсан ч, МАН-ын саналын дагуу хойшлуулсан нэртэйгээр дахиж хэлэлцэх асуудал яригдахгүй болж цэг тавигдав. Нэг ёсондоо МАН-ынхан Д.Сугарыг цээжээрээ хамгаалан муу нэрээ нэмж муутгаж байгаагийн  шалтгаан нь Д.Сугар унавал хамт унах нөхдүүд МАН-д байгаатай холбоотой. Д.Сугар ТӨХ-ны  дарга явахдаа намынхантайгаа хүч хавсран үйлдсэн хууль бус үйлдлүүдээ АН-ын засаглалын үед түмний өмнө дэлгэж, ирэх сонгуулиас өмнөх хүчтэй цохилтод оногдмооргүй байгаа тул тохироо хийхээс өөр аргагүйд хүрч байгаа янзтай байна. МАН-ынхан нөгөөх давхар дээлийг тайлах хуулийн төсөлтэй холбогдуулан энэ пүрэв гараг хүртэл завсарлага аваад байсан. Тэгвэл одоо чуулгандаа суух нь дамжиггүй болов уу. Нэг иймэрхүү л завхарсан нөхдүүд төрийн эрхийг хуваан зайдагнаж байгаа нь харамсалтай.

 

За мөн АН-ынхан гэхэд бас  яадаг билээ. Өөрийн намынхаа бусармаг үйлдэлтэй нөхдүүдийг цээжээрээ хамгаалаад л үлддэг. Тухайлбал,  “Мэйжор Бритиш файнэншиал индастри”,  “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогттой холбоотой тодорхой баримтууд байсан ч, АН-ынхан УИХ-ын гишүүн чигээр нь түүнийг авч үлдэж чадсан. Харин тэгснийхээ хариуд МАН-ын бусармаг этгээдүүдийн нэг болох Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн  О.Эрдэнэсолонгын данснаас илэрсэн их хэмжээний мөнгөний учгийг илрүүлэх боломжийг хуулийнханд өгөхгүй байх тал дээр нь АН-ынхан санаа тавьсан. Энэ хоёр намынхан иймэрхүү л сүлбээтэй тохироотой нөхдүүдээс бүрдэж байдаг.

 

Харин энэ удаа МАН-ын захиалгаар, АН-ын ивээлээр асуудлаас сугарч, суудалдаа үлдэж байгаа Д.Сугартай холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар өгүүлэхэд,  тэрбээр гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь нь АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа. Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд данстай байсан нь нотлогдсон Д.Сугар МИАТ-ын луйврын хэрэгт буруутгагдах ёстой нөхдүүдийн нэг юм. Учир нь тэрбээр Япон улсын  Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй авсан байраа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь, нөгөөх МИАТ-ийн луйврын мөнгөтэй холбоотой учраас байж. МИАТ-ийн гэмтнүүдийн нэг Ч.Хоролсүрэн тус  барилгыг барьсан “Towa Real Estate Development” компанийн дансанд хувийнхаа данснаас 48 сая иен шилжүүлсний дараа  Д.Сугар эхнэрийн хамт очиж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авсан бөгөөд тэрхүү байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг хөрөнгө орлогынхоо гадуур нуугаад өнгөрсөн байдаг аж. Түүнчлэн Д.Сугар Ч.Хоролсүрэнгийн хамаатан О.Тамир гэгчийн  хувийн данс руу 3.654.067 ам.доллар шилжүүлсэн байдаг нь түүнийг МИАТ-ийн хэрэгт оролцоотой гэдгийг нь илтгэх эхний сэжүүр болсон гэх мэдээлэл бий. Мөн түүнтэй холбоотой өөр бусад мэдээллүүдийг харвал 2011 онд Солонгосын Чэжү аралд  600 сая воноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй. Төрийн гэх тодотголтой олон үйлдвэр, газрыг хувьчлал нэрээ хувьдаа ашигтайгаар бусдад өгсөн гэхчлэн олон асуудлаар буруутгагдах учиртай ч, ийнхүү намынхаа буянаар бас эрх баригчдын ивээлээр сугаралгүй үлдэж таарах нь.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.115) 2025 оны 03 сарын 13

sugarig gvtgej bn.sugar bol enhin tcagan tagtaa

1  |  0
irgen(112.72.11.115) 2025 оны 03 сарын 13

sugarig gvtgej bn.sugar bol enhin tcagan tagtaa

1  |  0
Top