Х.Тэмүүжин сайдын дуулиан
Энэ долоо хоногийн улс төрийн хамгийн халуун сэдэв Х.Тэмүүжин сайдын тухай асуудал байлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг асуудлыг энэ долоо хоногийн даваа гаригт буюу нэг дэх өдөр хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өөрийн хүсэлтээ уншиж танилцуулсан бөгөөд үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат, З.Баянсэлэнгэ болон Б.Бат-эрдэнэ нар санал бодлоо хэлж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс дэлгэрэнгүй мэдээлэл сонссон юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдох мэдээллүүд хангалтгүй байна гэж үзэн дахин мэдээлэл цуглуулах горимын санал гаргасан. Д.Ганбат гишүүний гаргасан горимын саналыг байнгын хорооны 15 гишүүний 13 нь дэмжсэнээр уг асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ингээд байнгын хорооны гишүүд дээрх асуудалтай холбоотой мэдээлэл дутмаг байгаа учраас О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүдийн талаарх мэдээллийг авч сайн танилцсаны дараа огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн. Энэ өдрөөс хойш Х.Тэмүүжин сайдтай холбоотой олон мэдээлэл ар араасаа гарах болсон. Хамгийн ноцтой нь гэвэл хар тамхины хэргээр шоронд хоригдож буй Г.Сарангэрэл гэх охин цагдаад байцаалт өгөхдөө Х.Тэмүүжин сайдтай холбоотой бөгөөд амрагийн харьцаатай гэсэн нийтлэл гарсан нь олон нийт Х.Тэмүүжин сайдыг хар тамхины хэрэгт холбогдуулан хардахад хүргэсэн юм. Харин уг асуудлдыг хууль хяналтын байгууллагынхан дор бүрнээ хянан шалгаж, худал үнэнийг нотлохоор ажиллаж буй юм билээ.
Давхар дээлээ тайлах тайлахгүйн заагт
Хаврын чуулганы нээлтийн үеэр давхар дээлний асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан ч уг асуудлаар Шударга ёс эвсэл долоо хоногийн завсарлага авсан юм. Яг завсарлага авч байх өдөр Чингисийн талбайд МАН-ынхан давхар дээлийг тайл гэж жагсаал зохион байгуулсан. Завсарлагын хугацаа дуусч өчигдрийн чуулганаар давхар дэлний асуудлыг хэлэлцсэн юм. Өчигдөр давхар дээлийг 2016 оноос тайлах уу гэдэг асуудлаар санал хураахад ирц бүрдүүлсэн 69 гишүүнээс 34 гишүүн зөвшөөрч 35 гишүүн татгалзсан. Тэгэхээр татгалзсан 35 гишүүний санал давуу байсан тул ирэх долдугаар сарын нэгнээс уг хуулийг хэрэгжүүлнэ гэдэг санал дэмжигдсэн. Нэг ёсондоо Засгийн газарт томоохон өөрчлөлт ороход бэлэн болсон гэсэн үг. Гэхдээ яг засаг унаж, давхар дээлийг тайлахаар болсон юм биш. Учир нь уг хуулийг хэлэлцэх явцад энэ төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гараагүй дээрээс нь хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналууд байгаа учир дээрх саналуудыг дахин Байнгын хороо улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Ингээд дахин дэмжигдэж УИХ-аар дээрх саналаа баталвал Засагт өөрчлөлт орох нь тодорхой болох юм. Нэг ёсондоо Давхар дээлээ тайлах тайлахгүйн заагт түр зогссон байгаа юм.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлцэгдсэн хуулиуд
Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэгдэх хамгийн чухал хуулийн төслүүд бол яах аргагүй Давхар дээл, Хамтын тэтгэврийн тухай хууль, Царцаасан барилга зэрэг байлаа. Үүнээс хамтын тэтгэврийн тухай хуулийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж дэмжлээ. Уг хууль нь бага тэтгэвэр авдаг өндөр настнуудад хамгийн халтай хууль гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэж байсан боловч олонхын саналаар өндөр тэтгэвэр авах иргэдэд ашигтайгаар дэмжигдчихлээ. Мөн хүн болгоны шахуу хүсч байсан давхар дээлийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал дэмжигдсэн. Үнэ ханш нэмэгдэж хөрөнгө оруулалтаас болж зогссон барилгын ажил нь дуусаагүй сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын санхүүг шийдэж үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг асуудал буюу царцаасан барилгын асуудалд завсарлага авсан байгаа. Мөн өнөөдрийн чуулганаар Онцгой албан татварын тухай хууль дэмжигдлээ. Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх бодит орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримталсан юм байна. Ингээд үдээс өмнөх чуулган завсарлаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийхээр боллоо. Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
давхар дээл тайлнаа гэвэл бүү горьд
Энэ Баасанхүү гишүүн - юуны тулд ИХ сонгогдсон, юу хийх ёстойгоо мэддэг хүн үү. Зөвхөн Тэмүүжин гэдэг залууг л намнах гэж төрсөн юм шиг байх юм. Тэгэх тусмаа өөрийгөө өрөвдөлтэй тэнэг болгож, нөгөө хүндээ үнэгүй сурталчилгаа болдог бус уу. Томилолтын чинь 50% өнгөрлөө. Баасанхүү гуай - одоо жоохон үндсэн ажилдаа орвол яасан юм. Шүүх цагдаа шинэчлэгдэх нь юу нь буруу гэж.....