Манай Ерөнхий сайд сайд Н.Алтанхуяг засгийн тэргүүний суудлаасаа л буухгүй чаргууцалдах дуртай болохоос биш бусад асуудал дээр бол буулт хийвэл хийсэн шиг хийдэг эр юм билээ. Юу гэхээр Оюутолгойн хоёр дахь шатны төслийг санхүүжүүлэхийн тулд хаанаас ч, хэнээс ч өр зээл тавиад хүрээд ир, өөрөөр бидэнд хэлэх үг алга байна гэсэн агуулгатай захидлыг Рио Тинто болоод Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудад илгээчихээд хариуг нь хүлээн нүдээ бүлтийлгэн суугаа. Ерөнхий сайд захидалдаа “...Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно.Хоёр талын үр дүнтэй хэлэлцээрийн явцад “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн хооронд харилцан шийдвэрлэх ёстой тун цөөн асуудал үлдээд байгаа билээ. Энэ оны 2 дугаар сарын 19-нд “Рио Тинто”-д “Эрдэнэс Оюутолгой” компаниас илгээсэн захидалд дурдсанчлан, эдгээр асуудлыг олон улсын бизнесийн зохистой хэв журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно гэдэгт итгэж байна.Бид “Рио Тинто” компанийн талаар олон нийтийн дундах эерэг байр суурийг хадгалахыг чухалчилсаар ирсэн боловч Зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Jean Sebastian Jacques-ээс хүлээж авсан. Төслийн санхүүжилтийн хугацааг ийн уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна…” гэхчлэн өгүүлсэн байгаа.
Уг нь хөрөнгө оруулагчид өнгөрсөн хугацаанд төслийн эхний шатны техник эдийн засгийн үндэслэлд туссан зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн шалтгаанаа манай талд тодорхой тайлагнахгүй байгаа ч, тэрэнтэй нь эрх баригчид эвлэрсэн нь Ерөнхий сайдын захидлаас бүрэн ойлгогдож байгаа юм. Энэ нь манай талд ирэхээр тооцсон өгөөжийг үлэмж хэмжээгээр бууруулах эрсдэлийг дагуулж байгаа ч, Засгийн газар богино хугацаан дахь эрх ашгаа урьтал болгон ийнхүү буулт хийхээс өөр гарцгүй байдалд ороод байна. Анхны хөрөнгө оруулалтын зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн гэдэг бол яах аргагүй асуудал мөн. Түүнчлэн хоёр дахь шатны санхүүжилт гэж гурван тэрбум ам.долларын зээл авна гэж байгаа ч хөрөнгө оруулагчид цаагуураа хэдэн тэрбумын асуудлыг ч гүйцэлдүүлж байж болзошгүй. Анх 24 тэрбум ам.долларын зээлийн саналыг банкуудад хүргүүлж чадсан тэдэнд өөр санаа оноо байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч Рио Тинто, “Turquoise Hill Resources”-ийн зүгээс зээлийн баталгааны хугацааг ирэх есдүгээр сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг банкуудад тавиад зөвшөөрүүлж чадчихаад байгаа.
Харин манай буулт хийдэг Ерөнхий сайдад албан ёсны хариугаа ирүүлэхгүй гэдийгээд байгаа янзтай юм.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 1 )
бузар амьтаны үйлдэл нь хүртэл бузар л байх юм даа