Тойм: Улс төрийн амьдралд энэ долоо хоногт өрнөсөн халуухан сэдвүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

 Хуц, ухна ба хэвлэлийн хурал

 

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Ер нь засгийнхны ярьдаг зүйл эдийн засаг  болоод байгаа. Энэ үеэр Ерөнхий сайд "Монголын мал 45 саяд хүрлээ" гэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Энэ таны хийсэн ажил биш. Хуц, ухнын хийсэн ажил" хэмээн хэлж байсан. Үүнд хариу болгож,  Монголын малчдын хөгжлийг дэмжих холбоо болон Хэнтий, Төв, Дорнод аймгийн малчдын төлөөлөл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг уучлалт гуйхыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд  "Бид цас, борооноор цаг наргүй хэдэн малынхаа араас дагаж  байж малын тоо толгойг өсгөж байна. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бидний хийсэн ажлыг үгүйсгэн мал өөрсдөө өссөн мэт ярьж байгаа нь буруу. Өөрөө хөдөө өссөн, малчдын дэмжлэгийг авч Их хуралд гарчихаад ийм хариуцлагагүй үг хэлж байна. Монголын нийт малчдыг хуц, уханаас дорд үзсэн С.Бямбацогтыг малчдаас уучлалт гуйхыг шаардаж байна" гэж байсан. Үүнийг  улс төрийн ажил бөгөөд Н.Алтанхуягийн  явуулга гэх хүмүүс олон байлаа. Учир нь мэдээлэл хийсэн хүмүүс хэзээ хаанаас хуц, ухна гэснийг сонсож, хэрхэн нэгдэж ирсэнээ тайлбарлаж ч мэдэхгүй байлаа.

 

Х.Тэмүүжин сайд хэвээр үлдэх үү үгүй юу

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хуулийн төслийг гурван том үндэслэлийн хамт УИХ-ын гишүүн  О.Баасанхүү УИХ-д өргөн барьсан. Үүнээс хойш гурав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байна.  Түрүүчийн долоо хоногт эл асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, хойшлуулсан юм.  Харин өчигдөр орой байнгын хороогоор хаалттай хэлэлцэж, огцруулахыг олонх дэмжжээ. Тиймээс өнөөдрийн чуулганд орох байсан ч хэлэлцэх асуудал амжихгүй, ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар  ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж,  хойшлууллаа.  АН-ынхан өөрт нь халтай асуудал хэлэлцэх болохоор ирцээ бүрдүүлдэггүй, үг дуугүй хойшлуулсаар ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Мөн түүнийг огцруулах асуудлыг АН-ынхан дотроо дахин ярилцах болсон гэх бор шувуу ч төрийн ордноор нисч байна. Гэхдээ бас нэг ноцтой мэдээлэл нь Х.Тэмүүжингээр АН туг тахихаар болсон тухай  ч дуулдаж байгаа юм.

 

Давхар дээл ба хүлээлт

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын өргөн барьсан “Давхар дээл” тайлах хуулийн төслийг  УИХ-аар хэлэлцэхэд ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлнэ гэдэгт давуу санал өгсөн. Тиймээс уг хуулийн төсөл зарчмын зөрүүтэй болж байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч анх өргөн барихдаа уг хуулийг 2016 оноос хэрэгжүүлнэ гэдэг саналтай УИХ-д явуулсан. Хууль хэлэлцэгдэх явцад энэ оны долдугаар сар болгон ийнхүү өөрчилчихсөн  юм. Тиймээс  уг асуудлыг хэзээнээс хэрэгжүүлэхийг тодорхой болгохоор Байнгын хороо руу буцаасан. Энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх гэсэн боловч АН-ынхан байнгын хорооны хуралдаанд ирсэнгүй. Ингээд ирц бүрдээгүй гэдэг бас нэгэн шалтгаанаар хойшилсон юм. Сайд нар дээлээ тайлахгүй гэж гүрийгээд нам эвслийн бүлгүүд сайд нараа алдахгүй гэж мэрийгээд олон арга чарга хайж, улс төрийн будлианг хутгасаар байгаа.  Нам эвслийн бүлгүүд ноцтой асуудлыг хэрхэн шийдэх талаараа дор бүрнээ нууцхан хуралдаж, битүүхэн бухимдалтай энэ долоо хоногийг өнгөрөөлөө. Учир нь давхар дээлийг энэ оноос  тайлахаар болвол уг хуульд  Ерөнхийлөгч хориг тавих магадлал бас бий. Тиймээс эл асуудал ийнхүү хүлээлтийн байдалд нам гацлаа.

 

                                                                76 бөмбөг

Ирэх сард Монгол Улсад Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос өчигдар  УИХ-ын гишүүдэд “Бразил-2016” ДАШТ-ий бөмбөг бэлэглэжээ. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж “Эрчим” баг оролцох юм. УИХ-ын дарга З.Энхболд бэлэгийг нэлээд бэлэгшээн хүлээн авав. Тэрбээр хэлэхдээ  “Энэ бол “Эв нэгдлийн бөмбөг”.  2014 оны зургаадугаар сард болох Бразилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг. Мянга мянган залуусын шүтээн болсон хөлбөмбөгчид энэ бөмбөгөөр тоглоно. Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчидтэй дэлхий дахины спорт” хэмээн онцолсон. Гэвч  цахим ертөнцийн хөлбөмбөг сонирхогчдын группүүдэд “76 бөмбөг”-ний тухай нэлээд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

 “Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганболд гишүүдэд доль үсэрч байгаагаа ингэж илэрхийллээ”, “Гишүүдэд бөмбөг тарааж байхаар гэр хорооллын хүүхдүүдэд бөмбөг тараачихгүй”, “76 бөмбөгөөр 1000 хүүхэд тоглох боломжтой”, “Унах гэж байгаа засаг “Эв нэгдлийн бөмбөг”-өөр хэсэг аргацаах гэнэ” гэлээ. Ямартай ч Монголын хөлбөмбөгийн холбооныхон УИХ-ын гишүүдэд бөмбөг бэлэглэсэн хөлбөмбөгийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд хийсэн алхам биш гишүүдэд доль үсэрсэн нэг хэлбэр хэмээн шүүмжилсэн. Энэ нь ч үнэний ортой. Тэд бөмбөгөөр яах вэ. Хөлбөмбөг тоглодог УИХ-ын гишүүн  ховорхон байх. Тоглолоо гэхэд хэдэн зуугаар нь ч хамаагүй худалдаад авах чадвартай хүмүүс. Харин бөмбөг авах боломжгүй хэдэн мянган хүүхэд гэр хороололд бий. Нэг ёсны сурталчилгаа л байх даа. Ямар том хүмүүсээр өөрсдийгөө ажил хийж байна гэж сурталчилуулдаг “Хөл бөмбөг”-ийн холбоо вэ.

Н.Ганаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top