“Гишүүн байж гэмээнэ эрх ямба эдэлнэ”

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

 

Ер нь эдийн засгийн статистик тоон үзүүлэлтүүд бус иргэдийн баян, ядуугийн ялгаанаас тухайн улсын нийгэм, эдийн засаг зөв замаар замнаж байгаа эсэхийг харах ёстой юм. Тухайлбал, Америкийн хүн амын “нэгхэн” хувь нь үндэсний баялагтаа эзэн сууж, бусад 99 хувь нь баялгийн тэгш бус хуваарилалтын золиос болж буйг эсэргүүцсэн “Уолл стритийг эзэл” хөдөлгөөн дэлхий даяар асуудал босгож ирсэн нь саяхан. Тэгвэл манай өмнөд хөрш БНХАУ-д баян хоосны ялгаа нэмэгдсээр байгааг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Тус улсын иргэдийн орлогын тэгш бус байдал 1980-2010 оны хооронд буюу гучин жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн нь, энэ үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсахад хүргэжээ. Судалгааг хийсэн Мичиганы их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар Хятадад баян хоосны ялгаа гаарах болсон уг шалтгаан нь авлига, ажилгүйдэл ихээр нэмэгдсэнтэй шууд холбоотой гэж байна. Хэдийгээр Хятад улс хууль цаазыг чанд сахиулдаг орон гэдэг тодотголтой ч хэрэг дээрээ улстөрийн түвшинд авлига гаарчихсан. Ерөөс тогтолцооны чанартай урхаг асуудал байгаа нь эдийн засаг, нийгмийн амьдралаас нь харагдаж байгаа гэхэд болох юм. Тэрчлэн Хятадын шинэ шинэ тэрбумтнууд дэлхийд нэрээ гаргах болсон ч эгэл жирийн сая сая иргэд нь өлөм зэлмүүн амьдарч байгаа нь гашуун үнэн юм. Энэ байр байдал манай тухайд ч өөрийн онцлогтойгоор байж л байгаа. Монголын хүн амын хоёр хувьд л хамаг хөрөнгө мөнгө төвлөрчихөөд байгаа талаар сүүлийн үед яригдах болсон нь зүгээр нэг амны зугаа төдий яриа биш билээ. Хөрөнгө мөнгөтэй хүнийг үзэн ядах сэтгэлгээ нийгэмд газар авах нь зохисгүй ч, эрх баригчид нийгмийн амьдралыг бүхлээр нь харах чадвартай байх учиртай. Эс бөгөөс баян хоосны ялгаа улам л нэмэгдэж, ядуусын арми хүрээгээ тэлсээр байх болно.

 

Яахав, нийтлэг нэг гашуун үнэн бол эрх баригчид эцсийн дүндээ хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө үйлчилгээ үзүүлээд байдаг. Ядуусын тоо нь улам нэмэгдсээр байгаа манай өмнөд хөршид ч яг л тийм. БНХАУ-ын хамгийн их хөрөнгөтэй мянган хүний 900 нь Коммунист намын гишүүд болоод  төрийн албан тушаалтнууд гэхээр эрхбиш нэг юм хэлээд байгаа биз. Түүнчлэн  Хятадын баячуудын жагсаалт Коммунист намын гишүүдээр нэвчсэн талаар, ерөөс тэдний гарт улсынх нь эдийн засаг багтаж байгаа талаар Жон Лигийн бичсэн сонирхолтой нийтлэл байдаг юм. Тус нийтлэлд Бээжин эрх мэдлээ алдахгүйн тулд эдийн засгийн гол салбаруудыг хяналтандаа барьж байгааг онцолсон байдаг. Түүнчлэн “Гишүүн байж гэмээнэ эрх ямба эдэлнэ”. Ялангуяа Хятад улсад. Нийгмийн давхрагын шатаар өгсөхөд энэ нь зайлшгүй шаардлагaтай гэсэн байдаг. Тэрбээр “Хятадын “Хурун” сэтгүүлээс жагсаасан “Hurun Rich List”-ээс харахад  тэргүүлэгч 1000 баяны 90 хувь нь төрийн албан тушаалтан. Эсвэл Коммунист намын гишүүд байна. Энэ нь эрүүл бус тогтолцооны илэрхийлэл. Хятад улсын баялаг хэрхэн бүтээгдэж, хэрхэн хуваарилагддагийг нягтлаж үзвээс тус улсын төвлөрсөн удирдлагын тогтолцоо нь нийт хүн амдаа үйлчилдэг гэдэгт эргэлзэх шалтгаан бий болж байна.

 

1921 онд байгуулагдсан Хятадын Коммунист нам 2001 онд анх удаа бизнесмэнүүдийг эгнээндээ элсэхийг урьж байгаагаа зарласан юм. Тэр үеийн  БНХАУ-ын дарга Зян Зэмин тийнхүү мэдэгдэхэд ажиглагчид алмайран хүлээж авсан гэхэд болно. Гэтэл энэ алхам нь 1989 оны үйл явдлаас хойш нэр хүндэд нь сэв суугаад байсан Хятадын Коммунист намын зүгээс эрх мэдлээ улам бататгаж, эдийн засгийг хяналтандаа бүрэн авах гэсэн бодлогынх нь хэрэгжилтийн нэгээхэн хэсэг гэдгийг хүмүүс төдийлөн анзаараагүй болов уу. Хятадын Коммунист нам нь эдийн засгийн хамгийн чухал бөгөөд ашигтай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг тусгай бодлогоор дэмжиж, дотоодын хувийн компаниудыг тэдэнтэй  өрсөлдөх боломжгүй болгосон юм.

 

Жишээ нь, өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын албан ёсны санхүүжилт буюу банкны зээлийн 2/3 нь хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр төрийн өмчит компаниудад олгогджээ. Тодруулбал,  2008-2010 oнуудад нийт банкны зээлийн 90 хувь нь ийм хэлбэрээр төрийн өмчит компаниудад очиж байсан бол одоо энэ хувь хэмжээ 80 хувьтай байна.Ийм дэмжлэгийн үр дүнд улсын нийт баялгийн дийлэнхийг төв засгийн харьяалалтай 150, орон нутгийн засгийн харьяалалтай 120,000 төрийн өмчит компани  хянаж байна. Үлдсэн хэсэгт нь 4 сая орчим хувийн компани, хэдэн арван саяар тоологдох жижиг аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.  Төв Засгийн газрын харьяалалтай 150 компани нь улсын нийт хөдөлшгүй активын 2/3-ыг эзэмшдэг ба жил бүр Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн нийт орлогын тал хувийг эдгээр 150 компани бүрдүүлдэг гэх статистик нь гайхалтай байгаа биз? Эдгээр ТӨК-уудын ихэнх нь хувьцаат компани боловч хөрөнгийнх нь 50-иас дээш хувь буюу 2/3 нь төрийн өмчид байдаг байна. Тэрчлэн яамны зэрэглэлтэй Төрийн Өмчийн Удирдлага, Хяналтын Хороо тэдгээр компаниудыг хариуцаж ажилладаг. Энэ байгууллага нь Коммунист намын Зохион байгуулалтын газартай зөвлөлдсөний эцэст ТӨК-уудын ТУЗ-ийг томилдог аж. Ийм ч учраас ТУЗ-ийн дийлэнх, Гүйцэтгэх удирдлагын 3/4 нь коммунист намын идэвхтэн гишүүдээс бүрдсэн байдаг.

 

Нам нь төрийг төлөөлж ТӨК-уудыг тусгайлан дэмжих бодлого явуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг намд элсэх замаар ч юмуу, ямар нэг байдлаар намын ивээлд багтах шаардлагатай болгож буйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Ерөөс тус улсын тэрбум гаруй хүн амаас намын дээд удирдлагатай сайн холбоотой цөөнх нь л баялгаас хавьгүй илүүтэй хүртэх боломжтой болж байгаа юм. Хятад улсын ядуурал 1979-1989 онуудад эрчтэй буурч эхэлсэн байдаг. Тэгвэл энэ нь ТӨК-ууд эдийн засагт нь давамгайлж эхлэхээс өмнөх цаг хугацааны асуудал гэдгийг өдгөө төдийлөн дурьдаад байдаггүй билээ.

 

Нэгэнтээ Хятад улс Азид баялгийн хамгийн тэгш хуваарилалттай улс байсан. Харин төрийн өмчит том компаниуд нь бизнест давамгайлах болсон үеэс эхлээд баялгийн хамгийн тэгш бус хуваарилалттай улс болж хувирсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар үзэхэд Хятадын тэгш бус байдал Энэтхэг, АНУ, тэр ч байтугай Бразиль улсынхаас ч дор байна.  Тус улсын 400 сая хүний бодит орлого  сүүлийн 10 жилд өсөөгүй,  ядуурлын хувь хэмжээ нэмэгдсэн байгаа юм. Хэдийгээр ТӨК-уудын орлого нь жил бүр 20-30 хувь  өсч ирсэн ч, дундаж өрхийн орлого ердөө л 2-3 хувь нэмэгджээ.

 

Хятадын хамгийн чинээлэг иргэдийн баяжсан угшил нь дандаа улсын өмч давамгайлсан үл хөдлөх хөрөнгө, барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудтай холбогддог. Тэд хамгийн сайн газар, зах зээлийн түвшнээс доогуур хүүтэй зээлийн санхүүжилт, хямд хөрөнгө зэрэгт тулгуурлан баяжсан байдаг. Бүр зарим нь иргэдээс хууль бусаар хураан авч, төрийн нэр дээр бүртгэгдсэн зүйлс дээр тулгуурлан хөрөнгөжсөн байдаг. Гол нь тэгж баяжсан хүмүүс бараг бүгдээрээ коммунист намын албан тушаалтан эсвэл гишүүд байдаг аж. Хятадын Коммунист нам одоо 85 сая гишүүнтэй. Дээрээс нь 80-100 сая бэлтгэл гишүүд бий.Тэгэхээр Хятадын Төрийн өмчит бизнесийн шинэ үеийн түүхэн дэх хаана ч байгаагүй их өсөлт зогссон тэр үед л бусад зуу зуун сая иргэд, хувийн бизнесүүд эдийн засгийн болон бизнесийн тэгш эрхтэй боломжид хүрнэ. Гэхдээ Коммунист нам эдийн засгийн эрх мэдлээ тавихыг хүсэхгүй байхад энэ нь хэрэгжихгүй л болов уу. Коммунист намын хүч чадал, эрх мэдэл нь материаллаг бааз, боловсон хүчнийг хянаж байгаад оршиж буй юм. Цөөн баячуудын хувьд энэ нь сайн байж болох ч, нийгмийн шатлалд хөлөө олох гэж ядаж байгаа тэрбумаар тоологдох бусад иргэдийн хувьд сайн зүйл биш ажээ.” хэмээн өгүүлсэн байгаа юм. Тэгэхээр өмнөд хөршийн тухайд баях хоосны тухай ойлголтыг эерэгээр харахын тулд улстөрийн угшилтай бодлогыг нь харах хэрэгтэй. Түүнчлэн шинэ шинэ баячуудыг өлгийдөн авч байгаа тогтолцоо нь гажуудалтай гэдэг нь эрхбиш ойлгогдож байгаа юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголд ч яг адилхаан(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

энэ нийтлэлийн хятад гэсэн үгсийг нь монгол гээд солиод уншихийг зөвлөж байна.зарим нэг он цаг энэ тэрээс бусад нь бол таарч л байнадөө

1  |  0
Top