Албан тушаалын төлөөх дайн

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

Хаврын чуулган эхлснээс хойш Улс төрийн хамгийн халуун хоёр сэдэв бол Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал, давхар дээлийг тайлах хуулийн төсөл болоод байна. Уг нь Ерөнхийлөгч “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байж болохгүй” гэдэг хуулийн төсөл санаачлаад 2016 оноос хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Гэтэл уг хуулийг байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэгдсэнээр ирэх долдугаар сарын нэгнээс болчихоод байгаа юм. Уг шийдвэрт сандарсан Ерөнхийлөгч “Хориг тавина шүү” гэж хэвлэлээр зарлаад байгаа. Мөн дайран дээр давс гэгчээр чамлахааргүй олон сайдтай “Шударга ёс” эвслийнхэн ч үүнээс болж, дотроо зөрчилдсөн.

 

“Давхар дээлийг тайлах” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэхэд мэдээж АН-ынхан дараагийн сонгууль өнгөрөөгөөд буюу 2016 оноос хэрэгжүүлнэ гэдэг санал өгсөн. Гэтэл АН-ын дөрвөн гишүүн ирэх долдугаар сараас гэдэг кноп дарсанаар намынхандаа яллуулаад байгаа. Үүнд сандарсан Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаригт өдөржин хуралдсан юм. Ингээд хурлын дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Манай намынхан нэгдсэн байр сууринд хүрсэн. Р.Бурмаа гишүүнийг хөөхгүй Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй, давхар дээлийг 2016 оноос хэрэгжүүлнэ” гэж сайхан ярьсан. Харамсалтай нь бүлгийн дарга худал ярьжээ. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанд “Давхар дээл”-ийн хууль дахин дэмжигдэж, ирэх долдугаар сарын нэгэн болсон. Мөн Р.Бурмаа гишүүн намынхантайгаа зөвшилцөөгүй харин ч яллуулсан гэдгээ хэлсэн.

 

Ер нь улс төрчид эх орны ирээдүй, эдийн засаг, ард түмний амьдрал гэхээсээ илүүтэйгээр өөр өөрсдийн албан тушаал эрх мэдлийн төлөө л тууштай тэмцэлддэг. Үүнд Ерөнхийлөгч хүртэл оролцоод байгаа юм. Учир нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал яригдах гэж байхад Ерөнхийлөгч өмөөрч жиргэснээр түүний хувь заяаг эргүүлсэн. Мөн “давхар дээл” –ийн хуулийн төсөл яригдаад батлагдах дээрээ тулангуут хориг тавина шүү гэж айлгасаар байгаа. Ингэсээр байтал энэ хаврын чуулган цэвэр улс төрчдийн дайн боллоо. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл сандраад бөөн будлиан үүсгэж, намын фракцуудтайгаа уулзаж, арга эвийг нь олохын төлөө чармайн. Суудлаасаа унахгүйг хичээж байна. Улс төрч гэдэг эх орны ирээдүйн төлөө ажиллах албан тушаал уу. Сандал, суудлын төлөөх дайн уу.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top