Шагнал урамшууллын тогтолцоог өөрчлөх шинэ хуулийг Монгол улсын ерөнхийлөгч санаачилжээ. Тэрбээр санаачилсан “Шагналын харилцааг зохицуулах тухай” хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа тухай ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар мэдэгдлээ. Энэ хуулиар өмнө хавтгайруулан олгодог байсан шагналын хүрээ хумигдах юм байна. Тодруулбал олон жил ажилласан гэдэг шалтгаанаар шагнаж урамшуулдаг байдлыг халж үр бүтээлтэй, гавьяа байгуулж ажилласан хүмүүсийг шагнаж урам шуулах тал дээр зохицуулалт хийж байгаа аж. Мөн уг хууль батлагдсанаар одон медальд нэг жилдээ зарцуулж байгаа төсөв хоёр дахин хэмнэгдэж УИХ-аас төсвийг баталдаг болох давуу талтай аж.
“Шагналын харилцааг зохицуулах тухай” хуулиар Ардын зүтгэлтэн цолыг зургаа Гавьяат цолыг 30 гаруй төлөөр олгож байгаа байдлыг халж бүх мэргэжил, салбарын хүмүүст эдгээр цолыг тэгш хүртээх ёстой гэдгийг онцолж байгаа юм. Мөн Монгол улсын баатар гэдэг цолыг ганцхан байлгахаар болжээ. Тодруулбал Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж ангилахгүй юм байна. Түүнчлэн Чингэс хаан, Эрдэнийн Очир, Алтангадас, Цэргийн гавьяаны одон, эхийн алдар зэрэг таван одон, Цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, найрамдал медаль гэсэн дөрвөн медаль олгож байхаар хууль санаачлагчид үзжээ. Ингэвэл Сүхбаатарын одон гэж байхгүй болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )