Женко Засгийн газрын зангилаа мэт аягласан долоо хоног
Р.Бурмаа “уйллаа”
Ардчилсан намын хяналтын зөвлөл хуралдаж “давхар дээл”-ийн санал хураалтын үеэр намынхаа эсрэг санал өгсөн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Түүнтэй хамт гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар эсрэг байр суурьтай байсан. Гэсэн ч Р.Бурмаа УИХ-д намын жагсаалтаар сонгогдсон, нөгөө гурав нь тойрогт нэр дэвшиж, ард түмний сонголтоор ялалт байгуулсан. Тиймээс хяналтын хороо Р.Бурмааг намаасаа гаргаж, бусад гишүүдийн асуудлыг түр хойшлуулаад байгаа. Харин тэрбээр мөчөөгөө өглөгүй намынхаа алдаа дутагдлыг байнгын хорооны хурал дээр хоолой зангируулан хэлж харагдсан.
"Давхар дээл"-ний талаарх хуулийн төсөл уналаа
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх буюу "Давхар дээл"-ний талаарх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хийлээ. Ингээд уг хуулийг батлах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь буюу 39 гишүүн татгалзсанаар, уг хууль батлагдсангүй. Харин 35 гишүүн "Давхар дээл"-ээ тайлах нь зүйтэй гэж санал өгсөн юм. "Давхар дээл"-ний тухай хуулийг батлахаар МАН-ын гишүүд бүгд, АН-ынхнаас Р.Амаржаргал, Х.Баттулга нар кноп дарав. Хэрэв уг хуулийн төсөл батлагдсан бол энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан юм.
Х.Баттулгын өргөдлийг хэлэлцэх өдий хол...
ҮХААЯ-ны сайд Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Түүний хүсэлтийг хуулийн дагуу долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Гэвч энэ 7 хоногийн чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Х.Баттулга сайдын хүсэлтийг харьяаллын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэвч энэ долоо хоногт тус байнгын хорооны хуралдаан зарлагдаагүй байна” гэв.
Бүх л бүтэн засгийн зангилаа нь ганц сайд байсан гэж үү
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хууль ямар ч байлаа гэсэн эрх баригчид дотооддоо тохиролцоо хийж МоАХ-ны сэтгэл ханамжийг дээд зэрэгт хангасан цагт 2016 он хүртэл Засгийн газарт ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. Харин тохироо наймаа хийгдэхгүй фракц хоорондын үл ойлголцол хэвээр үргэлжилбэл нэг бус нэлээд хэдэн сайдын суудлыг шинэчлэх, өөрчлөх, улмаар Засгийн газрыг унагах асуудал хөндөгдөх тухай ярьж эхэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайд нар хэл амаа ололцохгүй бол өргөдлөө өгөх дараагийн хүн нь Зам, тээврийн сайд А.Гансүх байна гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. Өргөдлөө өгөх шалтгаан нь төмөр замын царигийн асуудал. Зам, тээврийн яамны боловсруулсан царигийн бодлогод Эдийн засгийн хөгжлийн яам санал оруулахдаа анх байснаас нь эсрэгээр нь болгож өөрчилсөн нь томоохон маргаан, хагарлын эхлэл болжээ. Тиймдээ ч А.Гансүх сайдыг "Албан тушаалаасаа буух өргөдлөө өг" гэж МоАХ хийгээд Х.Баттулга сайд шахаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Хэрвээ төмөр замын царигийг Х.Баттулга сайдын хүсч байгаагаар баталбал асуудал намдах төлөвтэй байгааг улстөрчид ярьж эхэлжээ. Харин эс зөвшөөрвөл А.Гансүх сайдын дараа Шонхор фракцаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар огцрох өргөдлөө өгч магадгүй гэсэн таамаглал байна. Ингээд өргөдлөө өгсөн сайд бүрийг явуулаад байвал эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд хүрч магадгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )