С.Бямбацогт: Х.Баттулгыг хүчээр авч үлдэх шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан "Төсвийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалт байсан ч 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Ингэж тодорхойгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс зарим заалтыг тодорхой болгох, тогтвортой байхаар УИХ нухацтай хэлэлцэх ёстой" гэлээ.
 
Мөн эдийн засгийг эрчимжүүлэх төсөлийн талаар ярилцжээ. МАН-ын бүлгийн гишүүдийн үзэж буйгаар өмнө нь эрх баригчдын зүгээс манай улсын эдийн засаг тогтвортой байгаа хэмээн мэдэгдэж байсан ч одоо эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар ярьж байгаа нь тэд бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа аж. Манай улсад эдийн засаг хямралд орсон нь нэгэнт тодорхой болсон. Тийм учраас МАН-ын зүгээс эдийн засгийг хүндрүүлсэн зарим сайд нартайгаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардаж байгаа ажээ. Хэрэв шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцно гэж бүлгийн дарга онцлон хэллээ.
 
МАН-ын бүлгээс Х.Баттулга сайдын асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ. Энэ талаар Бүлгийн дарга С.Бямбацогт "Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Нэгэнт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байхад Р.Амаржаргал гишүүн шиг хүчээр авч үлдэхгүй байх.  Ийм шийдвэрийг УИХ хүчээр гаргахгүй байх"  гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top