“Mining Journal”-д гарсан нийтлэл. Засгийн газрын “100 өдрийн төлөвлөгөө”-г шоглосон утгатай. Уг нь ч энэ төлөвлөгөөнд хэтэрхий олон асуудал багтсан. Гэхдээ л Засгийн газар үүнийг зуны дотор амжуулна гэж амлаад байгаа.
Зуныг үдэх монгол төлөвлөгөө
Өнгөрсөн 18 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засаг ойрын хэдэн жил үзэгдээгүйгээр буурав. Тиймээс эдгээр гажуудлыг залруулах “100 өдрийн төлөвлөгөө” гээчийг гаргасан ба энэ нь Монголын үнэт цаасны зах зээл р үү чиглэсэн хамгийн том бодлого байж мэднэ гэж брокерууд үзэж байна.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөг танилцуулсан. Төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар 50 гаруй асуудал шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ үүнд хөрөнгө оруулагчдын асуудал багтаагүй аж.
Уул уурхайн салбарын ажлууд хамгийн тулгамдсан сэдвүүдийг манлайлжээ. Нэн ялангуяа Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэх, далд уурхайг гацаанаас гаргах нь тэргүүний хэлэлцэх асуудал гэнэ. Түүнчлэн АТГ-аас шалгаж буй хайгуулын 106 лицензийн хэргийг ч ирэх зун шийдвэрлэж дуусгана гэсэн.
Бас маргаантай байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ч нэг мөр болгох ажил “100 өдрийн төлөвлөгөө”-нд багтжээ.
Мэдээж хаврын чуулганаас хүлээгдэж буй гол нь ажил бол Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн батлах эсэх. Геологи, хайгуул, хөрөнгө оруулалт, ашиглалтын цоо шинэ хаа, хаанаа таатай орчин эндээс бүрдэнэ гэдэгт бүгд итгэж байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид.
“100 өдрийн төлөвлөгөө”-нд багтсан дараагийн асуудлууд нь Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлж, Хятадтай хамтарч шингэрүүлсэн хийн үйлдвэр барих, алтны олборлолтыг огцом өсгөх, Эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зөвлөл байгуулах, Оюутолгойн хөгжлийн удааширсан хоёр дахь шатыг хурдасгах гээд маш олон зүйл байгаа аж.
Шинэчлэлийн Засгийн газраас ийнхүү Оюутолгойн тухай анх удаа аятайхан зүйл ярьж байгаа нь энэ юм. Угаас Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт хөгжлийн гол барометр болсон. Гэхдээ л Засгийн газар хөрөнгө оруулагчдын саналаар Оюутолгойг хөдөлгөхөөс татгалзаж байгаа.
Үүнээс гадна Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Кинкора Коппер”-ийн нэр дээр байсан 106 лиценз өнөөдөр Оюутолгойгоос ч илүү чухал сэдэв болчихсон. Засгийн газар үүнийг цуцлах ёстой, хууль бус гэж үзэж байгаа юм. Тиймээс цуцалж, зохих нөхөн олговрыг өгнө гэсэн ч “Кинкора Коппер” олон улсын шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Сприн энэ талаар “Монголын Засгийн газрын энэ үйлдэл гадны хөрөнгө оруулалтын урсгалд том саад учруулах болно. Улстөрийн шог зургуудад Засгийн газрыг яаж дүрслэх бол. Ямар ч эв нэгдэлгүй, үр дүнд нь жирийн иргэд л зовж зүдэрч буй дүр зураг гарах болно. Монголд архидалт маш их. Яагаад олон нийт архинд дурлаад байгаа вэ гэдгийн тайлбар нь ч энгийн” гэв.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )