Х.Тэмүүжингийн асуудлыг төрийн нууцад хамаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Уг асуудлыг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч намын бүлгийн гишүүний асуудлыг нягтлаж судлах шаардлагатай гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингээд завсарлагын хугацаа дуусч өнөөдөр хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд хэлэлцэх асуудал нь хуульд хаалттай хэлэлцэнэ гэж заасан, эсвэл төрийн нууцтай холбоотой асуудал байвал шууд хаалттай хуралдана гэж заасан байдаг. Мөн хэлэлцэх асуудлын шинж байдал болон гишүүдийн саналыг харгалзах шаардлагатай гэвэл УИХ-ын гишүүдээс санал хурааж хаалттай хуралдах эсэхийг шийднэ гэж заасан байдаг аж.

 

Ингээд гишүүдийн олонхын саналаар  Хууль зүйн байнгын хороо ч мөн уг асуудлыг  хаалттай хэлэлцсэн юм. Учир нь Х.Тэмүүжин сайдыг нууцаар тагнасан, чагнасан асуудал байж болзошгүй гэж үзжээ.  Сайдыг чагнасан тухай албан бичиг хүртэл прокурорын байгууллагаас УИХ-д ирсэн аж.  

 

Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг төрийн нууцад хамаарна гэж үзэж хаалттай хэлэлцсэн учир УИХ-ын дарга уг асуудлыг Төрийн нууцад хамаарах асуудал хэмээн үзэж, УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэхээр болсон юм. Түүнийг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэх хугацаа нэлээд урт байх нь. Учир нь УИХ-ын 40 гаруй гишүүн Х.Тэмүүжин сайдаас асуулт асуухаар нэрээ өгөөд байгаа юм байна. Албаны эх сурвалжын хэлж байгаагаар "Уг асуудлыг бараг найман цаг хэлэлцэж байж, шийдэх байх" гэлээ. Гишүүд асуулт асууж, тэр болгонд хариулна, саналаа хэлнэ гэсээр нэлээд цаг хугацаа орох нь ээ. Энэ мэтээр Хууль зүйн сайдыг огцруулах асуудалын хаалттай хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар сайдын талаарх чухал асуудал хэлэлцэж байгаа учир гишүүдийн ирц сайн байна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top