Тойм: Бүх хямралыг үүсгэгч нь улс төрчид

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

Х.Тэмүүжин сайд буруугүй

Энэ долоо хоногийн улс төрийн хамгийн халуун сэдэв бол Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал болон эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл байлаа.  Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд уг асуудлаар Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Ингээд завсарлагын хугацаа өчигдөр дуусч уг асуудлыг өглөөнөөс орой болтол хаалттай хэлэлцсэн. Харин өчигдрийн чуулганд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцож, гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ингээд уг асуудлаар МАН-ын бүлэг "Мэдээлэл хангалтгүй, тодруулах шаардлагатай асуудал байна" хэмээн завсарлага хүссэн юм байна. Тиймээс тав хоногийн завсарлагыг өгч чуулганыг нээлттэй горимд шилжүүлжээ.

Нээлттэй хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70,2 хувийн саналаар уг тогтоолын төслийг баталсан юм. Х.Тэмүүжин сайдын асуудал хэлэлцэгдэж байгаа боловч, хойшлогдсоор байгаа. Энэ нь сайдын буруу биш. Түүнтэй ч холбоогүй асуудал. Учир нь  хамгийн сүүлийн хоёр удаагийн завсарлагыг эсрэг намууд аваад байгаа. Мөн МАН-ын бүлгийн зарим гишүүд сайдыг явуулах бодолгүй байна. Түүнийг огцруулах асуудалтай дахин танилцана гэсэн байр суурьд хүрсэн байна лээ. Тиймээс тус намын бүлэг дотроо хуралдаж, нэгдсэн байр суурьд хүрэхээр ийн завсарлага авсан байх. Харин зарим хэвлэлээр Шүүх хяналтын байгууллагынхан чуулганд ирж мэдээлэл өгсөн учир Х.Тэмүүжин сайдыг буруутай гэж үзээд завсарлага авлаа гэсэн байна. Энэ нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Шүүх хяналтын байгууллагын дарга нар түүнтэй холбоотой гэх үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг шалгасан. Шалгалтын явцын талаарх мэдээллийг өгчээ.

 

Эдийн засаг эрчимжих үү

Манай улсын хувьд Эдийн засгийн хямрал нүүрлээд ам.долларын ханш 1800 гарсан өнөө үед Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн юм. Уг төслийг өчигдөр хэлэлцэж, дэмжээд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ингээд Улс орны эдийн засгийн байдал хямралтай байгаа тул энэ хаврын чуулганаар яаралтай баталж хэрэгжүүлэхээр заасан энэ тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн юм. Харин өнөөдрийн чуулганаар  эцэслэн шийдлээ. Уг төслийг хэрэгжиж эхэлснээр манай орны эдийн засаг сайжирна гэж эрх баригчид болон эдийн засагчид үзэж байгаа юм. Энэ нь 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд иргэдийг бүсээ чангалахыг сануулаад байсан асуудал ирэх намар гэхэд шийдэгдэж “Бүсээ суллах” цаг ирэхийг харах л үлдлээ.

 

Улс төрийг дагасан хямрал

Улсын их хурлын энэ хаврын чуулган эхэлснээс хойш улс төрийн амьдрал нэлээд хямралтай байгаа. Ханш нээсэн өдрөөс эхлээд л янз янзын жагсаал цуглаан, эсэргүүцэл, тэмцэл хэдэн долоо хоног өрнөсөн. Мөн хажуугаар нь жилийн тал яригдсан “давхар дээл”-ийн асуудлыг шийдэх гэж чуулганы хамаг цагийг үрсэн юм. Тэгээд эцэст нь хэнд ч хэрэггүй болгоод унагачихсан. Ингээд удаагүй байтал Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал байнгын хороо болон УИХ-ын чуулганаар орж, хэд хэдэн удаа завсарлага авч хойшлогдсоор одоо ч шийдэгдээгүй байна. Нэг өдөр найман асуудал хэлэлцээд шийдэх байтал нэг асуудлыг ярьсаар шийдэхгүй өнгөрдөг өдөр олон байна. Ийм байхад яаж ажил явах юм бэ. Ер нь улстөрчид өөр өөрсдийн эрх мэдэл албан тушаалын төлөө дайтсаар  улс төрийн хямралыг нэгэнт бий болголоо. Ард түмний амьдралд тустай асуудлыг хэлэлцэхийн оронд хэрэлдэж муудалцсаар цагийг өнгөрүүлж буй эрхэмүүд бүх хямралын эхлэлийг тавьж байна. Ер нь улс төр хямрахад эдийн засаг дагаж хямардагийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа юм. Манай улсын бүх хямралын эхлэл нь улс төрчид болчихоод байгаа. Хэзээ энэ асуудлаа шийдэх вэ. “Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй” гэж үг ч бий шүү дээ.

Н.Ганчимэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top