Сайд Х.Баттулга давхар дээлээ тайллаа. Бусад нь харин бүгд давхар дээлтэйгээ, салхи савар орох зайгүй бэгнэж суугаа. Харин түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх, эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулгын талаар чухам үнэн бол асуудал дагуулахаар зүйлүүдийг хэлээд авна билээ.
Өөрөөр хэлбэл, ташууранд нуусан захиа гэдэг шиг нууц гэрээний тухай яриа гараад удаж байгаа ба энэ нь үнэн, худлыг хэн ч ялгаж чадаагүй. Харин өчигдөр тэр нь үнэн болж таарав.
Тавантолгойн ашиглалтын гэрээг Монгол Улс өнөө хэр эцэслэн шийдээгүй. Үүний гороор хөрөнгө оруулалтыг идэвхийлэн хийж, Баруун Цанхид ажиллахаар ханцуй шамлаад байсан гадныхан цөхрөөд гараад явчихсан. Манайхан болохоор хоёр хөршийн харилцаагаа тэнцвэртэй хадгалах үүднээс Орос, Хятадыг заавал оруулах ёстой гэцгээж. Зарим нь хөрөнгө орууулж сурсан нөхдийг л авчрах хэрэгтэй гэж байсан.
Мэдээж энэ холион бантангийн цаана хэргийн эзэн байсан байж таарна. Хамгийн гол нь 2011 оноос л яригдаад эхэлсэн тэр нууц гэрээ гээчийн эзэн холбогдогч, гардан зохиог ч нь одоо Засгаас гарч буй Х.Баттулга болж таарч байгаа юм.
Ц.Нямдорж гишүүний хэлснээр, ноён “Женко” Засгаас зүгээр нэг давхар дээлийн төдий асуудлаар гарч байгаа юм биш гэдэг нь үнэн. Учир мэдэгчид “Энэ нөхөр нэгэнт ганхсан Засгийг гаднаас нь түншихээр шийдчихлээ” гээд байгаа. Нөгөөтэйгүүр АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр биелэх боломжгүй, дараагийн сонгуулиар унаж мэдэхээр шинжтэй болж, эдийн засаг хазайгаад ирэхээр хариуцлагаас зугтааж байна ч гэх шүүмж бий. Бий ч гэж МАН-аас үүнийг тод томруунаар хэлж, мэдэгдсэн юм.
Ер нь бизнесмэний хувьд нэр хүнд сайтай энэ эрхэм улстөрийн “эрхэм” болсноосоо хойш яг юу хийв гэдгийг эргэн санахыг оролдох хүсэлтийг сөрөг хүчнээс гаргасан. Хамгийн наад зах нь 2008 оноос шинэ төмөр замыг эхлүүлээд, барих ажлыг хувийн хөрөнгөөрөө хийх хүсэлтэй хүмүүс байсан. Ажлаа ч эхлүүлсэн. Харин Х.Баттулга тэр үед ЗТБХБ-ын сайд болмогц энэ ажлыг автоматаар зогсоосон.
Түүнийхээр стратегийн онц ноцтой, чухал салбар учраас улсын хөрөнгөөр босгож, улс мэдэлдээ бүрэн авах ёстой гэсэн юм. Одоо бондын мөнгөнөөс 400 сая ам.доллар гаргаж энэ ажлыг гүйцээнэ гэж байгаа ч үнэндээ тийм хэмжээний мөнгө үлдсэн үү гэдэг нь сонин. Хамгийн гол нь Монгол Улсад олон улсын сүлжээнд холбогдох нарийн царигтай төмөр зам тавих гээд шийдэж байхад өргөн царигаар зам тавихаар зүтгэж, лобби хийсэн хүн нь Х.Баттулга. Олон жил гацаанд байсан энэ асуудал өнөөдөр өргөн, нарийн хосолсон цариг гэсэн хаана ч байхгүй стандартаар шийдвэрлэгдсэн.
Улстөрийн амьдралын гараа нь иймэрхүү. Гараанаас гараад алхсан замнал нь ч тиймэрхүү.
Юу гэхээр анх “Атрын III” аяныг эхлүүлэх үед Монгол Улс буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээний талаас илүү хувийг гадаадаас авдаг байсан. Харин аян хэрэгжээд жилийн дараанаас Монгол Улс 1990 оноос хойш анх удаа төмс, буудайны хэрэгцээг өөрсдөө хангаад эхэлсэн. Бараг гадагш гаргаж худалдаалах тухай яриа тэндээс үүдэлтэй байх.
Харин Х.Баттулга ҮХААЯ-ыг толгойлсноос хойш хоёр жилийн дотор манай улс гадаадаас 100 мянган тонн буудай, бас бус төмс, лууван авахаар болж байна. Авахдаа зүгээр ч нэг авахгүй, заавал татвараас чөлөөлүүлсэн. Өнөө жилийн тариалалт эхэлсэн. Гэхдээ жижиг тариаланчид үр суулгаж чадахгүйд хүрцгээж байгааг цаг агаарын тааламжгүй, бороо хур ихтэй жилээр хаацайлаад өнгөрөх маягийн.
Гэтэл одоо аргаа барсандаа Засгаас өөрөө гараад явмаар байна, чөлөөлөөд өг ухааны юм ярьж шоу хийх. Уг нь ийм сайдыг чөлөөлөх биш огцруулах ёстой баймаар.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )
Battulga bolovsrol dutana l daa, zailuul
Нямдоржид худалдагдсан сэтгүүлч байна