Өнөөдрийн нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалсан юм. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцсон байна. УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн хэлэлцүүлгийн үеэр “олонхийн бүлгийн гишүүд ирээгүй байна” хэмээн чуулганы танхимыг орхин гарсан юм. Харин энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн хуралдааныг дуусгаад танхимд хүрэлцэн ирэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүд байсангүй. УИХ-ын дарга "МАН-ын бүлгийн гишүүд үг хэлэх эрхээ эдлэхгүй юм уу, Хэн ч үг хэлж болно. АН-ын бүлгийн гишүүдээс үг хэлэх хүн байна уу" гэхэд МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд "Энэ хуулийн төслийг зургадугаар сарын нэгэн гэхэд баталсан байх ёстой. Тиймээс хоёр хоногийн завсарлага өгье" гэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )