Хэдхэн цагийн өмнө УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 54,6 хувийн саналаар огцрууллаа. Н.Алтанхуягийг суудалд нь үлдээнэ гэж санал нэгдсэн намын гишүүдийн хувьд хүндхэн цохилт болсон бөгөөд энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.
-Ардчилсан намын зарим гишүүд ийм чухал асуудал хэлэлцэж байхад чуулганд ирсэнгүй. Энэ хүмүүс шалтгаанаа юу гэж хэлсэн бэ?
-Олонхын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, эсрэг санал дарж өгвөл эс үйлдэл гэж үзэн ирцээ бүрдүүлж ирээгүй хүмүүсийг намаас хасах дүрмийн заалттай. Манайхаас долоон хүн ирсэнгүй.
-Эдгээр хүмүүс бүлгийн хуралдаанд суусан уу?
- Ихэнхи нь Засгийн газраа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр ойлгомжгүй шалтгаанаар ирсэнгүй.
- Танхим тэр чигээрээ уналаа гэж ойлгож болох уу? Цаг хугацааны хувьд шинэ сайдыг томилоход хэд хоног шаардлагатай вэ?
-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай.
- Өнөөдрийн чуулганд ирээгүй гишүүдэд ямар нэг хариуцлага тооцох вэ?
-Манай намын дүрэмд тооцох хариуцлага нь тодорхой байгаа. Намаас хөөх асуудлыг одоо шийдэхгүй. Намын хяналтын зөвлөл гэж бий. Тэр байгууллагын шийдвэр гарна.
-Дараагийн Засгийн газар байгуулахад зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж байсан. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Улс орны эдийн засаг нийгмийн байдал амаргүй байна. Ийм үед УИХ-д суудалтай намууд зөвшилцөж таарна.
-Ирэх оны төсөв батлахад хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Баталж амжих болов уу?
- Үүнийг бол баталж чадах байх гэж бодож байна.
-Энэ огцорсон Засгийн газрын бүтцээр төсөв өргөн баригдсан байгаа. Тэгэхээр өөрчлөлт орох уу?
-Ерөнхий сайд, Засгийн газар огцорсон ч үүрэг гүйцэтгэх хүмүүсийг сая томиллоо. Шадар сайд ахалж төсвөө батлана.
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 2 )
Ирээгүй бултсан АН-н гишүүд чинь эсрэг саналтай л байж таараа шүү дээ Тиймгүй л байсан юм бол чуулгандаа сууж асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэх л байсан биз дээ ШУДРАГА БАЙЦГАА Л ДАА
Зөв чаддаг хүн нь төр барисан нь дээр Алтанхуяг даанч олон муу зүйл хийлээ валютийн ханш өр зээл юу болов та минь