Д.Баттулга: Намын их хурлаар АН-ын даргыг сонгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Ардчилсан намын ҮЗХ хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Э.Бат-Үүл, Д.Бадарсан, Д.Баттулга нар хурлыг удирдсан. Хурлыг даргалагч нар хэлэлцсэн асуудал болон үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас тодрууллаа.

- Энэ удаагийн хурлаар чухам ямар асуудлыг шийдсэн бэ?

- Хурлаар гурван асуудлыг шийдсэн. Нэгдүгээрт, дараагийн Ерөнхий сайдыг сонгох асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэн шийдээд ҮЗХ-д саналаа оруулж ирэх ёстой болсон. Ерөнхий сайдыг шинээр нэр дэвшүүлэх, Засгийн газрыг байгуулах чухал асуудлууд хүлээгдэж байна. Энэ талаар УИХ-д суудалтай нам, эвсэлтэй зөвшилцөх эрхийг УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн. Хоёрдугаарт, ХЕХ-ноос ирүүлсэн Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн найман гишүүнтэй хариуцлага тооцох тогтоолыг хэлэлцээд ҮЗХ-ны гишүүд дэмжээгүй. Тиймээс энэ найман гишүүнтэй хариуцлага тооцохгүй. Учир нь ХЕХ дүгнэлт гаргах ёстой байтал шууд тогтоол гаргасан нь дүрэм зөрчсөн гэж үзсэн. Гуравдугаарт, АН-ын Их хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд ЕНБД Ц.Оюундариар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Их хурлаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, намын даргыг сонгох гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ. Мөн Их хурлын бүрэн эрхэд хамаарах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтсон. ҮЗХ хоёр хоног хуралдаж дээрх гурван шийдвэрийг гаргалаа.

-МАХН-тай хийсэн гэрээг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

- АН-ын дарга Н.Алтанхуягийн аравдугаар сарын 18-нд МАХН-тай хийсэн гэрээг хүчингүй гэж үзсэн. Энэ гэрээ АН-ын хувьд хүчин төгөлдөр бус.

- АН-ын фракциуд дараагийн Ерөнхий сайдад өөрсдийн хүнээ зүтгүүлж байна гэх мэдээлэл гарч байна. Нийслэлийн АН-аас Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх вэ?

- Ерөнхий сайдын асуудал нийслэлийн АН-ын эрхийн асуудал биш. Ерөнхий сайдыг тодруулах асуудал ҮЗХ-ны бүрэн эрхийн асуудал. ҮЗХ-нд УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад тодруулах хүний нэрийг оруулж ирэх шийдвэр гаргасан. Бүлэг УИХ дээр энэ асуудлыг хэлэлцээд ҮЗХ-нд оруулж ирсний дараа эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. ҮЗХ-ноос УИХ дахь АН-ын бүлэгт яагаад ийм эрх өгсөн бэ гэвэл МУ-ын Үндсэн хууль  УИХ-ын хуулиудтай нийцүүлэн ийм шийдвэр гаргасан юм.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top