УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум Хөгжүүлэх сангийн тухай асуудлаар аудитын шалгалт хийсэн дүгнэлтийг танилцууллаа.
Орон нутгийн хөгжлийн санд 2013 оноос эхэлж орлого төвлөрч эхэлсэн бөгөөд мөн ондоо нийт 197.3 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрснийг 4840 төсөл, арга хэмжээнд зарцуулжээ. Зарцуулалтад хийсэн аудитын дүнгээр нийт 46 төрлийн зөрчил илэрсэн байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа дээрх мөнгөний 30 хувь нь зориулалтын бус замаар зарцуулагдсан гэдгийг тодотгоод иргэдийн саналыг хамгийн олон санал авсан асуудлуудад зарцуулаагүйг хэллээ. Мөн худалдан авах журмыг зөрчсөн, чанаргүй, хугацаа хэтэрсэн ажлуудыг санхүүжилсэн гэх мэт зөрчлүүд гарчээ.
Харин Сум хөгжүүлэх санд 37 тэрбум төгрөг төвлөрч үүгээр суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулж хөнгөлттэй зээл олгосон байна.
Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгийг хувиарлаж байгаа индекс, аргачлал буруу байгаа тухай УИХ-ын гишүүд саналаа хэлж яаралтай бодлогын чанарыг тусгаж өгөх ёстойг анхааруулсан байна. Жишээ нь, суманд 20 сая төгрөгөөс дээш зарцуулалт бүхий төсөл ирвэл аймаг руу тендер зарладаг учир аль болох өөрсдөө шийдвэрлэхийн тулд төсөл арга хэмжээгээ хэт жижигрүүлдэг, үр ашиггүй зүйлд зарцуулдаг байдал ажиглагдсан байна.
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 0 )