АН, МАН хоёр хамтран ажиллах асуудлаар зөвшилд хүрэх ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл намууд засагт хамтрах нь тодорхой болсон энэ үед ажлын хэсгүүдийн ахлагч М.Батчимэг, Су.Батболд нараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
МАН хариуцлагатай улс төрийн хүчин
Су.Батболд: -МАН-ын бага хурлаас Засгийн газрыг хамтран байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Өнөөдрөөс дахиад зөвшилцлийн ажлын хэсгийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн зөвшилцөх баримт бичигт гарын үсэг зурсан. Баримт бичгээ үндэслээд хоёр намын хоорондын Засгийн газарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдана. Өнөө оройноос ажлын хэсгүүд хуралдана. Улс орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн хямралтай байдлыг даван туулахад МАН улс төрийн хариуцлагатай хүчний хувьд энэ асуудлыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй. Энэ асуудлаас зугтах нь эдийн засаг, нийгэмд нааштай шийдлийг авчрахгүй. Улс төрийн энэ шийдвэр МАН-д хохиролтой байж болох ч улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзэхэд хариуцлагатай хүчний хувьд зайлшгүй шийдвэр болсон. Бид 90 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 2012 онд бид эдийн засгийг ямар түвшин аваачсан билээ. Энэ бүхнээ үндэслээд бид өөрсдийгөө хариуцлагатай гэж үзэж байгаа. Бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр хатуу тохирсон. Нэмж зээл тавихгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаар дамжуулж хувийн хэвшлийг дэмжих асуудлыг хэрэгжүүлнэ. Засгийн газар аливаа хэлбэрээр өр зээл нэмэгдүүлж, түүнийгээ өөрөө зарцуулах асуудал байхгүй гэдэг дээр тохирсон. Өрийн менежмент, санхүүгийн менежментийн асуудлаар бодлогын баримт бичиг буюу хууль гаргана. Одоогоор хэн нэг Ерөнхий сайд, Сангийн сайд томилогдоод бүх салбарт ямар нэг хяналтгүйгээр зээл авч байгаа байдлыг менежмент, удирдлагатай болгоно. Энэ нь хамгийн чухал асуудал. Салбарын сайд болгон гаднаас зээл авах гэж асуудалд хандахаа болино. Одоогоор нэмж зээл гаргах асуудлыг зогсоосон.
М.Батчимэг:Сайдуудын суудал, сандал ширээний тохироо хийгээгүй
-УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан Засгийн газарт хамтран ажиллах УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажлын хэсгийн ажил үргэлжилж байна. ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх уулзалт хийсэн. МАН-ын бүлэгтэй тодорхой асуудлаар ойлголцох уулзалт хийгдсэн. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтарч ажиллана гэсэн шийдвэр гарсан байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх хороо хуралдахаар зар тараасан. Манай намын ҮЗХ-оос намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах асуудлаар эцсийн шийдвэр тогтоолыг гаргана. Тийм учраас энэ хурлын өмнө намуудын ажлын хэсгүүд дахин уулзаж хамтарч ажиллах асуудлаа бичгээр баталгаажуулна.
Өнөөдөр нам эвслийн бүлгийн ажлын хэсгийн уулзалтаар бүтцийн асуудлыг эцэслэн тохирно. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтаар Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо гэхээсээ илүү улс төр, эдийн засгийн асуудлаар хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг талаар ярьсан. Эхлээд Засгийн газрын бүтэц дээр тохиролцох, дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайдаа томилно гэсэн ерөнхий ойлголцол байгаа.
Өртэй холбоотойгоор тодорхой асуудал дээр зөвшилцсөн. Нэгдүгээрт, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэдгийг тохирсон. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргахгүй гэсэн үг. Цаашдаа хамгийн чухал асуудал бол хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа сэргээх асуудал байгаа. Тийм учраас Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөх асуудлыг үгүйсгээгүй. Хоёр тал ярилцсан байгаа. Мөн өнөөдөр төсвөөс гадуур байгаа бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж байгаа санхүүжилтийг төсөвт оруулж нэгтгэе гэж тохирсон. Учир нь Монгол Улс хоёр төсөвтэй явж байна гэдэг шүүмжлэл байна. Тиймээс энэ санхүүжилтийг төсөвт нэгтгэх нь зөв гэж үзсэн.

Сэтгэгдэл ( 0 )