Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр өргөн барилаа.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцууллаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доорх сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.
Засгийн газар нь 15 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байна. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Улсын Их Хурлаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өнгөрсөн хугацаанд 2013 онд 3 удаа, 2014 онд 1 удаа өөрчлөлт оруулж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөхтэй уялдуулан, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-д заасан шаардлагад нийцүүлэн уг тогтоолыг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр тогтоолын бүтэц, уялдаа хангагдах ажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ямарч байсан сайхан бие бялдартай сүрлэг харагдах хүн байна шүү Сайханбилэг Дандаа ямар ч сүр сүлгүй тагжгар юмнууд байсан