Сайдуудынхаа төлөө бүсээ дахин дахин чангалцгаая

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Засгийн бүтэц дахиад данхайх янзтай. Өргөн бариад буй Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг харвал яг л тормон дээр тооно ачсан юм шиг харагдаж байна. Ганцхан сарын өмнө 13 болгож цөөрүүлсэн яамдынхаа тоог 15 болгон нэмэгдүүлэв.  Намаржин хуралдаж байж тогтсон сайдын 16 суудлыг эргүүлээд 19 болгож “ажлын байр” шинээр бий болгов.  Хамтрахаараа ингэдэг, тэр янзаараа л асуудал хөвөрч эхэллээ.

Энэ хоёр нам Монголыг хөгжүүлдэг бол хөгжүүлэхээрээ л нэг болсон. Харамсалтай нь байдал бахь байдгаараа, харин ч “алт сандайлсан гуйлагчин” гэж нэрлүүлж байсан бол одоо хоосон газар сандайлснаараа дуудуулах цаг ойртож буй биз ээ.

Уг нь хамтрана гэдэг дур зоргын тоглолт биш, харин хариуцлага. Засгийн газрын бүтцийн шинэ төслөөс харвал юун нөгөө улсын төсвийн аюулгүй байдал, эрхэм гишүүдийн уриалаад байсан бүсээ чангалах биш харин ч эсрэгээрээ боломж олдсоных хэдэн хүнээ сайдын суудлаар мялаая, албан тушаал, авч өгөхийн амт шимтийг мэдрүүлье гэж аашилж байгаа мэт. Одоо араас нь популист яриа, хөгжлийн тухай хөөс цахруулан ярьцгаах болно, харж л байгаарай. Энэ хоёр нам Монголыг хөгжүүлдэг бол хөгжүүлэхээрээ л нэг болсон. Харамсалтай нь байдал бахь байдгаараа, харин ч  “алт сандайлсан гуйлагчин” гэж нэрлүүлж байсан бол одоо хоосон газар сандайлснаараа дуудуулах цаг ойртож буй биз ээ.

Нөгөө эх орон гэж энэлж өмрөөд байсан, Н.Алтанхуягийн Засгийн газрыг цөөлөх цомхотгох тухай уйлан дуулаад байсан МАН-ынхан өнөөдөр огт өөрөөр инээмсэглэж байна. Үлдэж буй хоног хугацаа цөөхөн ч Засгийн газар гэдэг дааман хаалганы гадна биш дотор багтсандаа баяртай байгаа. Ингэж өчигдөр хэлснээсээ өнөөдөр буцдаг энэ намыг өөрсдийнх нь хэлдэгчлэн “тулхтай” улс төрийн хүчин гэж тодорхойлоход бэрх юм. Одоо тэд хамтарч буй Засгийн газрынхаа толгой нь томдсон бүтцийн араас инээмсэглээд сууж байна.

Хоёр гуравхан хоногийн өмнө тус намын ЕНБ Ж.Мөнхбат  хэвлэлийнхэнд “МАН... өнөөдөр нэг юм яриад маргааш өөр юм ярьдаг улстөрийн хүчин биш” гэж яриад сууж байсан. Тэд  парламентад сөрөг хүчин болж ажиллахдаа Засгийн газрын бүтцийг хэт нүсэр том байна  гэж байнга шүүмжилж ирсэн. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийг танаж чадсан билээ. Гэтэл тэр ярьж шаардаж байснаасаа өнөөдөр буцчихсан “Шийдэл”-ийн Засгийн газрын нүсэр бүтцийн хамтран зохиогч болчихсон тууж явна.

Нөгөө эх орон гэж энэлж өмрөөд байсан, Н.Алтанхуягийн Засгийн газрыг цөөлөх цомхотгох тухай уйлан дуулаад байсан МАН-ынхан өнөөдөр огт өөрөөр инээмсэглэж байна.

Ганцхан сарын өмнө танаж нэгтгэсэн яамдуудаа эдүгээ эргээд салгах дээрээ тулав. Тухайлбал, Барилга хот байгуулалт, зам тээврийн яамыг хоёр салгахаар төсөлд оруулжээ. Түүнчлэн нийлүүлж нэгтгээд байсан Уул уурхай, эрчим хүчний яамаа эргүүлэн салгаж ихэрлүүлэхээр болж байна. Аж үйлдвэрийн яам гэсэн шинэ нэр хаяг дуулдаж байна. Дараагийн сонгууль хүртэлх 1.6 жилийн хугацаанд энэ хамтарсан Засгийн газар Монголд аж үйлдвэр хөгжүүлнэ гэж мөрөөдөв үү, аль эсвэл хэн нэгэндээ сайдын суудал хүртээхийн тулд ийм яамыг шинээр байгуулав уу, тодорхойгүй.

Өнөөгийн Засгийн газарт Хөдөлмөрийн яам гэж ямар үүрэг функцтэй нь тодорхойгүй, байгуулагдсанаасаа хойш юу хийж бүтээсэн нь бүрхэг нэг яам бий. Энэ яамыг  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх асуудал  Н.Алтанхуягийн Засгийн үед ч яригдаж байсан. Гэтэл шинэ Засгийн газрын бүтцэд бас л дэнхийж данхайгаад ороод иржээ. АН-ын хайртай яамны нэг нь лавтай энэ Хөдөлмөрийн яам бололтой юм. 

Монгол Улсын сайд гэсэн яамгүй сайдын суудал Ч.Сайханбилэгийн Засгийн газарт нэмэгдэх юм байна. Ямаагүй ухна гэдэг шиг. Үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг хариуцах бололтой юм. Үүнийг хэн нэгэнд зориулсан албан тушаал гэж хардах хүн олон байна лээ.

Намуудын хоног сунган байж  хамтран тогтсон Засгийн газрын шинэ бүтэц иймэрхүү янзаар илэрхийлэгдэж байна. Яамдын тоогоо сайдынхаа суудалтай нь хамт нэмчихлээ. Нэг яамны төсөв гэхэд хэдэн арав, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ.

Монголчууд  сайд дарга нараа ажилтай байлгах, тэднийгээ улсын төсвийн хөрөнгөн дээр тарвалзуулж байхын тулд бүсээ дахин дахин чангалах хэрэгтэй болж байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dok(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

Замсгийн газрыгн бүтэц ингэж томорч байгаа нь тэр хэмжээгээр төсвийн мөнгө урсч байна гэсэн үг. Бие биедээ найр тавьж сандал ширээнийхээ тоог нэмээд байхаар чинь одоо яах болж байна аа.

1  |  0
gg(103.10.22.46) 2025 оны 03 сарын 13

goy zurag bn

1  |  0
зочин(203.194.114.171) 2025 оны 03 сарын 13

Тахар бол хэрэггүй өмнө болоол байсан харин зарим бяалууны яамдыг байлгахын тулд жирийн төрийн албаны 2000 ажилчдыг цомогтгож болохгүй биз дээ тэгээд ард иргэдийн амьдралыг өөд татна гээд байгаа шүү ойлгохгүй юмаа.

1  |  0
Ерөнхийлөгчид(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Сайд дарга нарын суудлын золиосонд шударга ёсны төлөө ажиллаж байгаа Тахарын хэдэн зуун жирийн алба хаагч, тэдний гэр бүл өртөж хохирох нь тодорхой болжээ. Ингэж болдогийм уу. Ерөнхийлөгч өө. Таний хууль шүүхийн шинэчлэл ухрах уу. Нүүх үү

1  |  0
БИ(202.131.225.2) 2025 оны 03 сарын 13

ЯАСАН ИДЭЖ ХАНДАГГҮЙ ХУВАЛЗНУУД ВЭ?

1  |  0
Top