МАН-ын сайд нарын хэн нь хэн бэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Одоо Төрийн ордонд Засгийн газрын шинэ танхимын сайдуудыг тодруулах хор ид найрагдаж байна. “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын танхимд зургаан сайдын суудал авах нь тодорхой болсон МАН-ын хувьд дөнгөж сая Шадар сайдад У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүү, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг нарыг томилохоор санал нэгджээ. Ерөнхий сайд өнөөдөртөө багтаан УИХ-д танхимын гишүүдийн нэрсээ өргөн барих юм. Тэгвэл МАН-аас сайдад нэр дэвшүүлсэн эдгээр эрхмүүдийн хэн нь хэн бэ.

1.Ухнаагийн Хүрэлсүх улстөрийн содон кадрын нэг

  Тэр бол яалт ч үгүй улстөрийн содон кадрын нэг. МАН-ын үе үеийн генсекүүд дотроос хамгийн тод зан төрхтэй нь ч байж мэднэ. Түүнд нэгэнтээ энэхүү Шадар сайдын суудалд суух санал ирж байсан ч тухайн үеийн Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тэгээд ч тэр өөрөө энэ суудлаас татгалзсан.

Өөрийгөө би офицер хүн гэж тодотгох дуртай тэрээр 1968 оны зургадугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгаас гаралтай. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой.

 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж ажлын гаргаагаа эхэлж байсан. Өнөөгийн улс төрийн өрсөлдөгчид нь түүнийг офицер хэмээн цоллодог нь эндээс эхтэй.

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ  дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх, МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ дахь МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд, 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд зэрэг ажлуудыг хийж байсан.

2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг хамгийн хатуу гартай генсек гэж тодорхойлдог. Тэрээр нам нь сонгуульд ялагдвал хариуцлага хүлээнэ гэснийхээ дагуу ажлаа өгсөн бөгөөд эхнэрийнхээ биеийг эмчлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнээс татгалзах зоригтой шийдвэр гаргасныг нь олон нийт өндрөөр үнэлдэг билээ.

 2.УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ажил унагаж байгаагүй "битүү морь"

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын танхимд орж ирсэн түүнийг тэр болгон ил гардаггүй ч томилогдсон ажлаа унагааж байгаагүй туршлагатай, "битүү морь" гэх хүн ч цөөнгүй байна.

Тэрээр 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2002-2004 онд Удирдлагын академи, 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.  2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 3.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч

Иргэд сонгогчдын дунд нэр хүндтэй, оюуны өндөр чадавхитай, нийгмийн тулгамдсан асуудлыг олж хардаг улс төрийн мэдрэмжтэй, шударга төрийн түшээ хэмээн Монголын олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч эмэгтэй. Түүнийг сайдад яригдаж эхлэх цагаас нь олон нийт таатай хүлээн авч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад хамгийн тохирох хүн гэж харж байсан. Гэвч тэрээр одоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдохоор болж байна.

Тэрээр1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.1997 онд боловсрол судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж 1998 онд дэд профессор, 2010 Монгол улсын гавьяат багш цол хүртсэн.

1991 онд Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд 5000 гаруй залуучуудад хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад хэл, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, амьдралын боломжгүй 600 оюутны сургалтын төлбөр болох 1 тэрбум төгрөгийг чөлөөлсөн байна.

1985-1990 онд Нийслэлийн 10 жилийн сургуулиудад математикийн багш, хичээлийн эрхлэгч, 1990-1991 онд МХЗЭ-ийн төв хорооны товчооны гишүүн, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 он хүртэл өөрийн үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, 2000, 2008 онд Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008-2009 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх, ухааны байнгын хорооны даргаар ажилласан.

Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын сонгуульт ажлын хүрээнд МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бага хурлын гишүүн,Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монголын менежментийн холбооны тэргүүлэгч гишүүн,Баг хөгжүүлэх сангийн Ерөнхийлөгч, Хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.

4.Д.Цогтбаатар МАН-ын нэр цэвэр залуучуудын нэг

Дипломатич мэргэжилтэй Д.Цогтбаатар бол МАН-ын нэр цэвэр залуучуудын нэг. Өмнөх Засгийн газар байгаль орчны сайдаар ажиллаж байсан тэрээр улстөрийн хувьд идэвхтэй байр суурь илэрхийлж "амбицлаад" яваад байдаггүй.  Даруу төлөв, бичиг номноос төдийлөн хөндийрдөггүй түүнийг С.Баяр, С.Батболд нар маш ихээр дэмждэг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр нь дуулдаж байсан тэрээр энэ удаад гарцаагүй сайдаар томилогдох боллоо.

Тэрээр Улаанбаатар хотод төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 5.Н.Төмөрхүүгийн тухай сайнаасаа саарт мэдээлэл илүүтэй

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж сонгуульд ялсан гэх боловч насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаандаа ашиглаж хууль зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг алдсан түүний талаар сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл цөөнгүй. Харин одоо ийнхүү сайдад нэр дэвшсэнийг нь АН, МАН-ынхан УИХ-ын гишүүний суудлыг нь булааж авсаныхаа өрийг төлж байна гэж харах хүмүүс цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр түүний “Өндөрбуянт” компани нь МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-г бариулсан буянтан учраас яахын аргагүй сайдад томилогдож байна гэх хардлага ч байна.

Тэрээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1 дүгээр арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн физикийн факультет, 2003-2005 онуудад СЭЗДС-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

1994 онд "Өндөрбуянт" ХХК-ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирал, 2012 оноос Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол Ардын намын Бага хурлын гишүүн.

6.С.Чинзоригт сайдын туршлага бий

Түүнд сайдын туршлага бий. Тэр дундаа Хөдөлмөрийн яамыг Нийгмийн хамгааллын яамтай нэг бүтэцтэй байхад дэд сайдын албан тушаалыг хашиж байсны хувьд салбараа мэднэ гэж тодорхойлж болох юм. Гэхдээ 2008 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж хэдийгээр сонгогчдын 48 хувийн санал авсан ч намын нөхөр Н.Төмөрхүүгийн хамтаар сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр парламентийн гадна үлдсэн юм. Тиймээс эдүгээ АН, МАН хоёр өрөө төлж сайдын суудал өглөө гэх үүднээс түүнийг сайд болоход олон нийт таатай хандахгүй л болов уу.

Тэрээр 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ.  1982 онд Хужирт сумын 10-н жилийн дунд сургууль, 1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. 1986-1990 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч,1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж байжээ. Мөн 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(150.129.140.47) 2025 оны 03 сарын 13

Aztai l humuus bna. ard tumniihee itgeliig daaj l zuv yawaasai gej husye. Ashig sonirhol ene teree darah l heregtei bna daa

1  |  0
tsetsegee(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Hurelsuh bolimoor yumaa icheech.

1  |  0
Зочин(150.129.140.96) 2025 оны 03 сарын 13

Н. Төмөрхүүгийн аав ээж хоёр нь хоёулаа Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат хүмүүс байдаг юм.

1  |  0
TTTTTTTT(122.201.21.202) 2025 оны 03 сарын 13

MONGOL ARDIIN NAM URGELJ SHINECHLEGDEJ SHINE HUMUUSEE DEMJIJ BAIHAD ARDCHILSAN NAM HUUCHIN HUMUUSEE L ZUTGUULEED BAIH UM ALI N I JINHENE ARDCHILAL BAIGAA UM BOL DOO

1  |  0
irged(112.72.13.178) 2025 оны 03 сарын 13

Erdenebat chi ug ni dajgui ajil heregch zaluu bsan.uls tord orood oorchlogdoj ih zan suugaagui bol yavnaa.sangiin said bolood irgediinhee tsalin orlogiig oligtoihon nemj yarij baisnaa batlaarai.harj bna,amjilt husiye

1  |  0
цб(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ийм юмнууд сайд хийдэг бол яаж хол явах юм бэ

1  |  0
Zorigt(103.229.122.62) 2025 оны 03 сарын 13

Ardiin namiihan saikhan orj irsen baina. Za odoo uls orni ediin zasag niigmiin asuudluudaa emgelj ehlehgui bol ajil hiij mededgui humuus dampuuruulj duusgalaa, bolj ygvul Mongol bankni yrunhiilugchiig avch hayad undserheg, eh orondoo hairtai aaviin ohin eejiin huug songooroi, ta bugded shudraga zarchimch ajilahiig sanuulay. Bid buhen huleelt undur bga shu

1  |  0
Zochin(103.229.122.235) 2025 оны 03 сарын 13

Ene 6 todorhoi hygacaanii daraa saihanbilegiin zasgiin gazriig ynagaah l bolov yy.

1  |  0
t(103.229.120.109) 2025 оны 03 сарын 13

hvrelsvx l estoi ytga alga... ene xvn ballandaa

1  |  0
Зоригт(103.229.122.62) 2025 оны 03 сарын 13

Болж байна, одоол МАН оржулс орны бодлогыг цэгцлэхгүй бол улс орон маань хог дээр үсэрлээшд. МАН ын Оюунхорол гишүүн бол сайд болох ёстой хүн. шуналгүй, ёс зүйтэй ийм хүн олныг сонгож ажлыг сайн хийх хэрэгтэй

1  |  0
Top