Шинэ сайдуудууд юу хэлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүсийн нэрийг өчигдөр орой УИХ-ын даргад өргөн барьсан. АН найм, МАН зургаа Шударга ёс эвсэл гурван сайдын суудал авсан. Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид,  Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Засгийн газрын зарим шинэ сайдаас цаашид баримтлах бодлогынх нь талаар сонирхолоо.

Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг: Ажил мэргэжлийн тарифт систем рүү шилжих шаардлагатай

-Би нийгмийн байгуулал хөдөлмөрийн яаманд найман жил ажилласан. Салбарт нь ажиллаж байсан хүний хувьд харьцангуй ажлын туршилга байна. Юуны өмнө эдийн засаг хамралтай байгаа энэ үед иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, одоогийн байгаа ажлын байраа хэрхэн хадгалах вэ гэдэг нь бидний хамгийн түрүүнд бодох ёстой асуудал гэж бодож байна. Мөн эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Сүүлийн үед иргэдийн орлогын ялгаа маш их байна. Үүнийг сааруулах арга хэмжэээ авах шаардлагатай. Ялангуяа цалинг имфляцын түвшинтэй ижил нэмэгдүүлдэг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал чухал байна. Нөгөө талаасаа цалингийн тарифт систем рүү орохгүй бол дутагдалтай тал их байна. Манайх зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож өгдөг.  Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлаад монгол ажилчид маш бага цалин авч байна. Тиймээс ажил мэргэжлийн тарифт систем рүү зайлшгүй орох шаардлагатай.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Хууль зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ

-Хүний эрхийг хамгаалах салбарт ахиц гаргахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс сайшаагдсан эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусах ёстой. Үүнд барьж ажилладаг хуулиудыг шинэчлэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, нийгмийн асуудлыг шийдэх, боловсон хүчин бэлтгэх, давхардалыг арилгах, давтан сургах, удирдах ажилтнуудыг бэлтгэх гэсэн цогц асуудлын хүрээнд энэ салбарын ажилд ахиц гарах ёстой гэсэн төрийн баримт бичиг байдаг. Үүнийг цаашдаа баримтлаж ажиллах ёстой. Салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд нэлээн хэдэн хууль гарсан. Хэсэгчилсэн зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хууль, шинэчлэлийн суурийг тавьсан ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энэ салбарт шинээр шинэчлэл эхлүүлэх яриа байхгүй. Харин сүүлд гарсан хуулиудын харилцан холбоог сайжруулах, зөрчлүүдийг арилгах, зарим зүйлүүдийг тодорхой болгох шаардлагатай байгаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Би сайд болно гэж бодоогүй

-АН-ын бүлэг өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сайд нараа тодруулсан. Гэхдээ өмнө нь нэр дэвшүүлж байсан хүмүүсээс ахицтай зүйл бий. Есөн сайдын гурав нь гаднаас байгаа. Энэ нь ахисан үзүүлэлт гэж ойлгож байна. Төр засгаас тавьж байгаа шаардлага болон эдийн засгийн нөхцөл байдалд ажиллаж чадах чадвартайг нь голлон үзэж байх шиг байна. Би өөрийгөө сайд болно гэж бодоогүй. Өнөөдөр /өчигдөр/ гэнэт Аж үйлдвэрийн яам гэж шинэ салбарыг та аваад яваач гэсэн санал ирсэн. Аж үйлдвэр бол Монгол Усын хөгжлийн стратегийг тодорхойлогч гол яам болох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ утгаараа экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах замаар Монгол Улс зохион байгуулалттай аж үйлдвэрийн систем рүү шилжих цаг болсон байна гэж үзсэн учраас энэ яамыг бий болгосон. Би хичээж ажиллах болно.

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Надад хийхээр төлөвлөсөн олон ажил бий

-Би хараахан энэ салбарын хүн болоогүй байна. Манайх Парламентийн засаглалтай орон учраас парламент баталж, албан ёсоор энэ ажилд томилогдсоны дараа би өөрийнхөө санаа бодлыг хэлэх нь зүйтэй. Надад санаж бодож, хийнэ гэж төлөвлөсөн ажлууд бий. Ямар ч байсан зүй ёсны бүх үйл явц нь дуусаад албан ёсоор өөрийн байр сууриа илэрхийлэхгүй бол яг энэ цаг мөчид би нэр дэвшигч. Нэр дэвших саналыг өнөө /өчигдөр/ өглөө авсан.

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top