УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95 хувийн саналаар дэмжин баталлаа. Нийт 60 гишүүнээс 57 нь дэмжсэн юм.
Сайдад нэр дэвшигчийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан боловсролын хуулиар багш нарт олгох нэг удаагийн тэтгэмжийг 2015 оны төсвийн тодотголоор бууруулах гэж байгааг сануулаад, үүнийг бууруулж болохгүйг анхаарууллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан сурагчдын дүрэмт хувцасны үнэ хөгжилтэй орны сурагчдын өмсдөг хувцаснаас 2-3 дахин үнэтэй байгааг сануулсан бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хоёр жил боловсролын салбар уналтад орсон, Нийгмийн салбарт хөрөнгө оруулдаг байдал таны үед үгүй болсон гэж шүүмжлээд нийгмийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжих ёстойг анхаарууллаа.
Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн сайдад Н.Төмөрхүүг томилох асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 98 хувийн саналаар дэмжив. Хэлэлцүүлгийг явцад УИХ-ын гишүүд түүнд хандан зам тээврийн онцгой чухал салбарыг хүлээн авч байгаа гэдгийг сануулж, аймгийн төвүүдийг автозамтай холбох бодлогыг үргэлжлүүлж, замын чанарт онцгой анхаарах хэрэгтэй гэв. Мөн Иргэний нисэхийн салбар, төмөр замын салбарт гарсан ахиц, дэвшлийг бууруулахгүйгээр, цаашид том бодлогуудыг үргэлжлүүлэх ёстой гэж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
Би их сургуульд багшилдаг. Хүмүүс янз бүрээр мэдэхгүйдээ эсвэл мэдсээр байж харлуулах гэж их янз бүрийн зүйл ярих юм. Өөрсдөө судлаад үзээсэй. Үнэндээ дээд боловсролын салбар сүүлийн 2 жилд үнэхээр хурдтай сэргэлээ. Дуртай нь элсэж болохоор босготой байсныг болиулчлаа, танилтай бол болчихдог байсныг цахимжуулаад зогсоочихлоо, төгсөөд хаана ажиллах нь тодорхойгүй гоё нэртэй 800 гаруй мэргэжлийг 180 хөтөлбөр болгочихлоо. Хамгийн гол нь их сургуулиудын бүтэц дэлхийн жишигт нийцэхүйц хөгжихүйц боллоо.