”Соёлын яамны сууринд 150 ортой хүүхдийн эмнэлэг ирэх онд ашиглалтад орно”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Засгийн газар өчигдөр шинэ бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

- Юуны өмнө 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн. Тухайн жилд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулвал Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах заалт байдаг. 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж байсан. Засгийн газар бүтэц өөрчлөгдсөн учраас ерөнхийлөн захирагч нарийн хооронд төсвөө шилжүүлэх шаардлага үүсч байгаа юм. Жишээлбэл, шинээр яам бий болсон, зарим яам татан буугдсан. Мөн 2014 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ёстой зарим төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зураг төсөл, зарим бэлтгэл ажлын зардыг хасч тооцно. Орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа. Дээр нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэмнэж болох зардлыг хасч тооцохыг гол болгосон. Энэ заалтаар 51 тэрбумыг хэмнэх боломжтой гэж Сангийн сайд мэдэгдсэн. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах явц Сангийн яамны өргөн мэдүүлснээр хэлэлцэгдээд дэмжигдэх боломжтой болж байна гэж хэлж болно. Цаг үеийн хэрэгцээ шаардлагатай холбоотойгоор хүүхдийн эмнэлэг байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр хүүхдийн эмнэлгий хүрэлцээ бага байна. Ялангуя нийслэл хотод хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгааг үндэслэн ямар ч байсан нэг хүүхдийн эмнэлэг барих шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ төрийн өмчийн сул байгаа байруудыг ашиглах нь зүйтгэй гэж үзэж байна.

- Шинэ эмнэлгийг хаана барих вэ?

- ССАЖЯ татан буугдсан учраас байрыг нь ачаалал багатай үед 120, ихтэй үедээ 150 хүүхдийн ортой эмнэлэг байгуулах боломжтой гэдэг шийдвэр гаргалаа. Ер нь ганц энэ байр гэлтгүй, бусад байруудыг нэмж судлаад хамгийн тохиромжтойг нь тогтоохыг даалгалаа. Уг эмнэлгийг ЭМСЯ-ны харьяанд байгуулна. Тиймээс мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, бусад бэлтгэл ажлыг хийгээд 2015  оны хоёрдугаар сарын нэгэнд ашиглалтад оруулахыг Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад үүрэг өглөө. Холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Мөн манай улсад Австари улсын хөнгөлөлттэй зээлээр эмнэлгийн тоног төхөөрмжийг шинэчлэх ажил явагдаж байна. Үүнд Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл орж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлье гэсэн шийдвэр гаргаж УИХ-д өргөн мэдүүлхээр боллоо. Хөнгөлөлттэй зээлийн 40 сая евроны төсөл байгаа юм.

- Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчин хүрэлцээтэй юу?

- ЭМСЯ-ны одоогийн байгаа нөхцөлд ажиллуулах боломжтой, боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй гэсэн. Одоо байгаа төрийн өмчийн байрыг ашиглаад, санхүүжилт, эх үүсвэрийг хийж тоног төхөөрөмж олгоно. ЭМСЯ-ны зүгээс ажиллах боловсон  хүчнийг татан оролцуулаад богино хугацаанд байгуулна. Заавал шинэ байшин барихгүйгээр боломжоо ашиглана.

- Дэд сайд, төрийн нарийн бичиг нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн үү?

- Энэ асуудал улс төрийн томилгоо учраас Загсийн газрын хуралдаан дээр яригдахгүй.

- Энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулна гэлээ. Хэзээ батлагдах бол?

- 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлаар өчигдөр Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Одоо УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд явна.

- Засгийн газрын бүтцийн тухай хуультай болъё гэж Ерөнхий сайд хэлж байсан.Энэ асуудлыг хэлэлцсэн болов уу?

- Засгийн газрын бүтэц хуулийн дагуу явагдаж байгаа. Засгийн газрыг тогтвортой байлгах талаар удаан хугацааны зөвшилцөл хийе гэдэг санал зарим гишүүдээс гарсан. Гэхдээ энэ асуудал УИХ-аар шийдэгдэнэ

- 2015 оны улсын төсөвт тодотгол хийх болов уу?

-- 2015 оны Улсын төсөв дахиж хянагдана. Засгийн газрын танхим бүрдсэн холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд асуудал танилцуулсан. Сайд нарт  эхний ээлжинд ямар ажил хэрэгжүүлэхийг нь хүснэгтлэн нэг бүрчлэн танилцуулсан. Богино хугацаанд ажиллах учир эв нэгдлийг сахиж ажиллах, томилогоог хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдаж яам, газруудтайгаа танилцахыг үүрэг болгосон. Ажил эрчимтэй явагдах ёстой. Амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллаж, эмх цэгцэндээ орж ажиллахыг үүрэгдсэн.

- М.Энхсайхан сайдын ажил үүргийн хувиар зарим яамны ажилтай давхцаад байна гэсэн шүүмжлэл байсан?

- Монгол Улсын сайд М.Энхсайханы тухайд Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсэг, гадаад хөрөнгө оруулагчтай холбоотой зарим асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэхийг үүрэг болгосон. Эрхэлсэн ажлынх нь хүрээнд УУЯ, БОНХАЖЯ хамаарна. Цаашдаа шинээр хэрэгжих төсөл дээр ажиллах юм.

Засгийн газар шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд сайдуудад богино хугацаанд эв нэгдлийг сахиж ажиллах, халаа сэлгээг хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдан ажиллахыг даалгасан.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.123) 2025 оны 03 сарын 13

Уг нь соёл урлагаар дамжиж улс үндэстнийг таних ,тэдний зан үйл ёс заншлыг мэдэрдэг баймаар юм.Гэтэл манайх тэр яамаа устгаад байдаг нь гайхалтай.Хүүхдийн цэцэрлэг эмнэлэг гээд хүүхдийн нэртэй бүхнийг үгүй хийсэн шигээ бий болгоход заавал яам үгүй хийж байж сууринд босгох нь биш.Хүүхдийн тодотголтой байгууламж байгуулах гэж буй нь сайшаалтай,төр тусгаар тогтнолын ордон ч билүү данхайсан том барилга хотын төвд мөнгө хүүлэгч хийж байгааг хүүхдийн эмнэлэг ч юмуу,төрөх эмнэлэг болгоход бол санал нэгтэй байна шүү.

1  |  0
Zochin(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Baga toiruu uvel utaatai, zamyn tugjrel ihtei. Huuhdiin emnelgiig agaar saitai, eruul gazar barih ni zuv bolov uu.

1  |  0
таашаагч(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

цалин тэтгэвэр нэмэх үү хэцүүд лээ шүү дээ

1  |  0
Гандөш(112.72.13.107) 2025 оны 03 сарын 13

Болжээ, болж. Хэрэггүй баахан дарга нарыг багасгах л хэрэгтэй. Нөгөөдүүл нь дарга болчихоод юу хийхээ мэдэхгүй эргүүтэж өгч байгаа юм чинь.

1  |  0
unshigch(49.0.133.84) 2025 оны 03 сарын 13

tegmeer sen dee.. ajilbolgoh heregtei..mongolchuud margash martdag shu..

1  |  0
Top