Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болороос 2015 оны төсвийн тодотголын талаар тодрууллаа. Төсвийн байнгын хороог ахалж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газраас оруулж ирэх 2015 оны төсвийн тодотголын үзэл баримтлалтай зарчим нийцэхгүй гэж үзэн, чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр УИХ-ын гишүүн Б.Болор томилогдсон юм.
- 2015 оны төсвийн тодотгол халамжуудыг байхгүй болгосон, татвар нэмсэн, хатуу төсөв боллоо гэж олон нийт үзэж байна. Төсвийн байнгын хорооны даргын хувьд та энэ оны төсвийн тодотголыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Татвар нэмэх асуудлыг би дэмжихгүй байгаа. 2015 оны төсвийн тодотгол маш их учир, дутагдалтай гэж бодож байгаа. Үүнийг УИХ-д хэлэлцээд, засах зайлшгүй шаардлагатай боловч бидэнд хугацаа байхгүй. Буцааж татаад, дахин оруулж ирнэ гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр бүлгүүд өөрсдийн шийдвэрүүдээ гаргаад түүнийгээ дагаж мөрдөж явах нь зүйтэй.
- Та орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малын хөлийн татварт ямар байр суурьтай байна вэ?
- Өнөөдрийн энэ нөхцөлд татвар нэмнэ гэдэг асуудал байж болохгүй. Энэ хямралаас гарах арга биш. Дэлхийн аль ч орны туршлагаас харахад хямралаас татвар нэмж гарч байгаагүй. Эдийн засгаа аль болох тэлэх хэрэгтэй. Түүнээс бүсээ чангалж байгаа нь энэ гээд татвар нэмээд, цомхотгол хийгээд, зайлшгүй байх халамжуудаа үгүй болгоод явах нь ард түмний нуруун дээр л илүү их ачаа ирнэ гэсэн үг. Харин түүний оронд Засгийн газар шаардлагагүй зардлууд, илүү дэд сайдуудаа цомохтгож оруулж ирсэн бол илүү оновчтой байх байлаа. Орлого тасалдаж байна гэж байгаа боловч орлогоо зөв буулгаагүй байна гэж би харж байна.
- УИХ засч янзлах зүйл байна гэж байна. Тухайлбал ямар заалтуудыг засах шаардлагатай байна вэ?
- Одонтой ээж, хүүхдийн мөнгийг эргэж харах хэрэгтэй. Мөн цомхотогол, цалин нэмэгдүүлэхгүй байх, малын хөлийн татвар гээд олон асуудал байна. Бид бүсээ чангалаж байгаа нь энэ гээд ард иргэдээ ажилгүй болгож, татвараа нэмж, ард түмнийхээ нуруунд хүнд ачаа үүрүүлэх нь буруу гэж бодож байна.
- Та төсвийн байнгын хорооны даргаар томилогдлоо. Цаашдаа ямар зарчмаар ажиллана гэж бодож байна вэ?
- Байнгын хорооны дарга тодорхой шийдвэр гаргахгүй. Бүх асуудал олонхоор шийдвэрлэгдэнэ. Байнгын хороон дээр зохицуулалтуудыг зөв хийж явах шаардлагатай. Гэхдээ хувь гишүүнийхээ үүднээс өөрийн байр сууиа байнга хадгалж ажиллана. Өнөөдөр анхны хурлаа удирдлаа.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )