МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтаас зарим зүйлийг тодрууллаа.
- МАН-ын бүлэг энэ оны төсвийн тодотголд ямар байр суурьтай байна вэ?
- Шийдлийн Засгийн газар 2015 оны төсөвт тодотгол хийхээр УИХ-д арванхоёрдугаар сарын 31-нд өргөн барьсан. МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад Шийдлийн Засгийн газрын оруулж ирж байгаа төсвийн тодотгол сайн шийдэлтэй, эерэг үр дүн гарахаар төсөв биш гэж үзсэн. Гэхдээ бүлгийн дүгнэлт эцэслэж гараагүй. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг байр сууриа тодорхой болгоно. Өчигдрийн бүлгийн хуралдаанаас төсвийн тодотгол дээр Б.Чойжилсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг хүндэрсэн энэ үед төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр багасгаж, түүнтэй холбоотойгоор зардлыг бас тэр хэмжээгээр бууруулах төсөв оруулж ирсэн байна. Хямралын үед энэ бол сайн шийдэл биш. Гэвч арга буюу ийм байдалд хүрч байгаа. Ерөнхийдөө Шийдлийн Засгийн газар төсвийн тодотголд хямралыг давах бодлогоо тусгаагүй гэж дүгнэж байна. Цаашдаа 2015 оны хүндрэл бэрхшээлийг давах богино хугацааны төлөвлөгөөг Засгийн газраас УИХ-д оруулж ирж батлуулах шаардлагатай.
-Өрийн таазыг 70 хувь хүртэл нэмэгдүүллээ. Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед өрийн нэмэгдүүлэхгүй гэж байсан ч хэлсэндээ хүрсэнгүй?
-Хоёр нам засагт хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тэр гэрээнд Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хувь хэмжээнд хадгалах, нэмж гаднаас зээл авахгүй гэдэг дээр тохиролцсон. Харамсалтай нь өрийн таазыг 70 хувь хүргэх төсөв орж ирсэн. Одоо мөрдөгдөж буй хуулиар 40 хувь байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харицуулахад 55.2 хувьд хүрчихсэн байна. Нэгэнт өмнө нь авчихсан зээлийг буцаагаад өгч чадахгүй учир одоо байгаа түвшинд нь хадгална гэсэн зарчмын байр суурийг МАН баримтална.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж байна. Санхүүжилт хүлээсэн компаниуд олширч, тэр хэрээр банкин дахь найдваргүй зээл өснө. Энэ нь эргээд эдийн засаг дээр нэрмээс болох юм
-500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтийг 50 хувиар багасгах төсөв орж ирсэн байгаа. Нийтдээ 386 тэрбумаар багасах болж байна гэсэн үг. Үүнийг сайн шийдэл биш гэж үзэж байгаа. Цаашдаа үүн дээр ажлын хэсэг анхаарах байх.
-Халамжийн мөнгийг танах асуудал яригдаж байгаа. Тэр дундаа одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасна гэсэн. Үүн дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Алдарт эхийн одонтой ээжийн хүүхэд нь 18 нас хүрсэн бол түүнээс хойш одонгийн мөнгийг багасгая гэж байгаа. Алдарт эхийн одонгийн мөнгө авдаг 200 мянга орчим ээж байгаа. Эдгээр ээжүүдийн 90 хувь нь 55-аас дээш насныхан. Хэрвээ хүүхэд нь 18 нас хүрсэн гэж үзэх юм бол эдгээр ээжүүдийн 90 хувь нь одонгийн мөнгө авах боломжгүй болно. Одонгийн мөнгө бол хүүхдийг биш ээжүүдийг урамшуулж байгаа мөнгө юм. Тиймээс МАН-ын хувьд ээжүүдэд одонгийн мөнгийг үргэлжлүүлэх олгох нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Мөн боломжтой айлын хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөхгүй гэсэн төсөл оруулж ирсэн байна. Хүүхдийн мөнгөнд жилд 246 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнээс 95 тэрбум төгрөгийг хасах төсвийн тодотгол орж ирсэн байна. Боломжтой боломжгүйгээр нь ялгаж, хүүхдийг алаг үзэх нь зөв үү буруу юу. Энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа. Үүн дээр шийдэл хараахан гаргаагүй байна.
Л.Од

Сэтгэгдэл ( 0 )